Говьсүмбэр аймгийн тусгай хамгаалалттай Чойрын богд уулын ан амьтанд био техникийг өвөлжилтийг давах, өсөж үржихэд нь хувь нэмэр оруулах зорилгоор “Шивээ овоо” ХК-ийн уурхайчин хамт олон 5-н цэгт хужир тараах ажлыг зохион байгуулсан байна.Чойрын Богд уул нь засаг захиргааны нэгжийн хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутгийн дамнан оршдог, олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар. Тодруулбал, Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 5265.3 га газрыг эзэлдэг бөгөөд Чойрын Богд уулын 80 орчим хувь нь тус сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул юм.

Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, УИХ-ын 2011 оны 04 дүгээр тогтоолоор байгаль орчны тэнцвэр, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “байгалийн нөөц газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Мөн ховор ургамал, аргаль, янгир, цагаан зээр, буга, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор, тас зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулнаа түүх соёлын дурсгалт газрууд, зураг дүрслэлийн өв, шашны соёлыг хадгалсан дурсгалууд бий. Тухайлбал, Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө гэх мэт газруудыг дурдаж болно.