Өнгөрсөн 7 хоногт болсон УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд “Изинис Эйрвэйз” ХХК-ийн талаар яригдсан.

Тус сонсголд компанийн 30 хувийг эзэмшдэг Э.Золзаяа оролцохдоо Хөгжлийн банкнаас нийт 22.9 тэрбум төгрөгийн зээл аваад, өөрийн хадам ээж Ү.Сарнайн эзэмшдэг “Сарнайх” ХХК-ийн 4.2, 2.1 тэрбум гээд нийт 6.3 тэрбум төгрөгийн зээлийг хаасан тухайгаа хэлсэн. Мөн 1.7 тэрбум төгрөгийг компанийн 70 хувийг эзэмшдэг Т.Эрдэнэ бэлнээр болон дансаар гаргаж авсан. Ингэхдээ “Сарнайх” ХХК руу 300 саяыг шилжүүлсэн байна хэмээн шинжээч дүгнэлт гаргаад буй юм.
Дээрх үйл явдал хадам бэрийн харилцааг тэр чигт нь ард түмэнд харуулж зарим нэгийнх нь аазгайг хөдөлгөөд авсан.
Учир нь Э.Золзаяа нь УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин, Б.Хурцын бэр. Хадам ээж нь “Сарнайх” компанид хувьцаа эзэмшдэг.


Хэдийгээр Ү.Сарнай хатагтай гурван охинтой ч, ганц бэр нь хэдийнэ охидоос нь дутахааргүй итгэлийг нь олсон бололтой. Энэ ч утгаараа бэрээрээ зээлээ төрүүлдэг баавартай “сайн” хадам ээж тодотголыг хүртээд байна.