“Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд “Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” хэмээн АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ. Түүгээр ч зогсохгүй зарим цахим хуудсанд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай ч нийтлэх болсон.

Тэгвэл АТГ-ынхан уг саналаа ирүүлсэн, эсэхийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа боловч албан ёсоор санал ирээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар мөрдөх байгууллагаас санал өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад гаргаагүй байна” гэлээ.