УИХ-ын өнөөдрийн / чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуульд нийгмийн зүгээс тодорхой шаардлага байгаа хууль.
Нэгнээ харлуулах ажиллагаа бол нийгмийн сүлжээгээр дамжуулж гүтгэлэг явуулж байна. Маш хор уршигтай, бид анхаарах хэрэгтэй. Тэр гүтгэх, доромжлохыг зогсоох ёстой. Гүтгэхгүй бол шоронд орохгүй шүү дээ. Манай зарим хэвлэл мэдээллийнхэн ярьдаг. Тэр гүтгэхийг Эрүүгийн хуулиас ав, шоронд орох гээд байна гэж. Үгүй ээ, гүтгэхгүй л байхгүй юу даа. Тэгвэл юу гэж чирж аваачаад шоронд хийх юм. Гүтгэх гээд байдаг сонирхол байгаад байгааг л гайхаад байна. Үүнийг л таслан зогсоох хэрэгтэй” гэв.