Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын Зээлийн Сангаас зээл авч суралцсан бүх хүний мэдээллийг ил болголоо.
Ил тод болж буй мэдээлэлд суралцагчийн овог, нэр, суралцаж буй улс, сургууль, суралцах хугацаа болон гэрээний хэрэгжилтийн төлөв болон нийт мөнгөн дүн зэрэг багтаж байгаа юм.
Тэгвэл тус зээлийг авч гадаадад хүүхдээ суралцуулсан олны танил, улс төрч цөөнгүй байна. Тэднийг бид энэ удаад онцолж байна.
1. УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл, охин З.Должинсүрэн нар
УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү З.Алтангэрэл БЗС-гаас 93 мянган ам.доллар , охин З.Должинсүрэн нь 13 мянган ам.доллар зээлж АНУ-д боловсрол эзэмшжээ. Гэхдээ үүнийгээ эргүүлэн төлсөн байна. Том хүү З.Алтангэрэл нь Америкт ахлах сургуулиа төгсөж, UC Berkley их сургуулийг ОУ-ын эдийн засагчаар дүүргэсэн бол, охин нь ОУ-ын сэтгэл судлаачаар төгссөн юм байна.
2. Ш.Раднаасэд гишүүний охин Р.Сийлэн
“Нүүрсчин” гишүүнээр нэрлэгдээд байгаа Ш.Раднаасэд хэзээнээс өөрийн ах дүү, амраг саднаас Төрийн албанд шургуулдаг хэмээн чичлүүлж ирсэн нэгэн. Тухайлбал, тэрбээр охин Р.Сийлэнгээ АНУ-д эрхзүйч мэргэжлээс сургууль төгсөж ирсний дараагаар Үндэсний Хөгжлийн газарт мэргэжилтэнгээр оруулсныг хэвлэлийнхэн бичиж байв. Тэгвэл түүний охин Р.Сийлэн АНУ-ын Вашингтон их сургуульд суралцахын тулд БЗС-гаас 165 мянган ам.доллар зээлсэн байна. Зээлийн төлөлт дуусаагүй байгаа аж.
3.Б.Хурц генералын охин Х.Намуун
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц бол Монголын тэрбумтнуудын нэг. Тэрбээр өөрийн хоёр дахь охин Х.Намуунаагаа Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл аван сургаж байна. Х.Намууны хувьд баячуудын өв залгамжлагчидтай нөхөрлөдөг, нээлттэй, бие даасан, мэдлэг боловсролтой бүсгүй гэдгээрээ алдартай. Тэрбээр Канадын Бритиш Колумбиа их сургууль философийн чиглэлээр суралцдаг.
“Форекс” О.Мөнхжин БЗС-гаас 170 мянган ам.доллар авчээ
БЗС-гийн зээлдэгч дунд та бидний эчнээ танил IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач Отгонбаатарын Мөнхжингийн нэр байна.
Тэрбээр АНУ-ын Вашингтоны их сургуульд суралцах гурван жилийн төлбөр болох 070 мянган ам.долларыг Боловсролын зээлийн сангаас зээлсэн байна. Ингэхдээ Санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцжээ.