Үнэн худал нь үл мэдэгдэх элдэв мэдээллээр дүүрэн өрнөдөг цахим ертөнцөд саяхнаас нэгэн хачирхалтай “уриалга” тархаад буй. Тухайлбал, урлагийнхан ядарч зүдэрсэн хүмүүст байтугай өвчин зовлон, үхэл хагацалд өртөж, өнөөгийн нийгмийн шударга бус явдлын золиос болсон хохирогч нарт хэзээ ч тусалж байгаагүй гэх нэгэн эмэгтэйн бичиглэл ихээхэн гомдоож орхижээ.

Энэ талаар “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр анхлан ам нээж “Арай ч дээ. Миний монголын ахан дүүс маань ийм болчих ч гэж дээ. Харин ч нийгмийн сайн сайхны төлөө ядарч зүдэрсэн, өвчтэй зовлонтой хүмүүсийн зовлонг урлагийнхан л ойлгож тус нэмэр болдог шүү.

Мэдэх нь мэднэ биз, мэдэхгүй юм даа. Ингэж дураараа бичдэг энэ хэн бэ, одоо. Та нарын алиалагч, салбадай гээд байгаа урлагийн хүмүүс, урлаг үгүй бол бөөн нервтэй, бухимдсан улс бие биенээ хядаад дуусах байх шүү” хэмээн хариу бичиглэж бухимджээ.

Түүнийг нь дуучин Н.Ундрал өлгөн авч “Хөөе, урлагийн ах эгч найз нөхөд минь ээ!!

Хэдүүлээ ингэж байхаар энэнээс хойш нэг ч хандивын тоглолтонд оролцохоо больё.
Хэзээ нэгэн цагт наад доромжлоод байгаа хүмүүст чинь хандив цуглуулах хэрэг болж ч магадгүй. Тэр үедээ олон юм хуцсандаа толгойгоо шаах байлгүй дээ. /муу ёрлож байгаа юм биш. Хэнд ч гай тохиолдож болно

Зовлон үзээгүй юмнууд их солиорох нь шив дээ. Бараг өдөр болгон л хандивын үйл ажиллагаанд ямарваа нэгэн байдлаар оролцож явдаг хүмүүс бол урлаг соёлынхон шүү!!!” гэж уурсан өөрийн хэмжээнд уриалаад авчээ.