Дэлхий дахинаа аюул авчраад буй коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Мөн эдгэрсэн хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа.
Тайланд улсад шинэ коронавирусын халдвар аваад эдгэрсэн гэх 70 настай эмэгтэй өвчтөн Японы телевизийн ярилцлагад эдгээр хариултуудыг өгсөн байна.


-Хэзээ Үхань хот уруу явсан бэ?

-2019 оны 12 сарын 24-ны өдөр

-Тайланд улсад буцаж ирсэн нь?

– 2020 оны 1 сарын 3-ны өдрийн өглөө. Тайланд улсад буцаж ирснийхээ дараахнаас бага зэрэг ханиад хүрсэн мэт санагдсан. Эм худалдаж аваад уусан боловч үр дүн өгөөгүй, тэгсэн ч ханиад байна даа л гэж бодсон. Мэдээгээр ханиалгах, хамраас нус гоожих, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрнэ гэж хэлж байсан боловч би ханиалгаагүй болохоор санаа амар байсан.

– Түүнээс хойш ямар шинж тэмдэг байсан бэ?

-Хоолондоо муу болсон, бүх бие суларч хоол ундаа ч идэх дургүй болж юу ч идмээргүй байсан.
Эхлээд биеийн байдал сулбагар, амархан ядрамхай болж хоолны дуршилгүй болсон ба түүнээс хойш биеийн байдал дордож нэгдүгээр сарын 15-ны өдөр уушгины шинжилгээ хийлгэсний үр дүнд шинэ коронавирусын уушигны үрэвсэл гэж оношлогдсон.
Хамгийн хэцүү байсан нь эмнэлэгт хэвтээд 2-3 дахь хоног байлаа. Жаахан ч болов амьсгал авахаар бүх бие өвдсөж байсан. Түүнээс хойш 3-4 хоног дээр бол юу ч хоолойгоор давахгүй болсон.
-Эмнэлэгт хэвтэж байх үеийн эмчилгээ нь?
-Эмч урьд өмнө хараагүй хувцас өмсөөд өрөөнд орж ирсэн. Энэ өрөөнөөс гарч болохгүй гэж хэлсэн. Хэнтэй ч уулзаж чадахгүй болсон. Түүнээс хойш цус авах, цэр болон хамар гэх мэтийн шинжилгээ зөндөө өгсөн. Биеийн байдал сайжирсан нь эмнэлэгт хэвтсэнээс 7 хоногийн дараа байсан. Эмчийн хэлсэнээр бол вирусын эсрэг эм хэрэглэлгүй өөрийнх нь дархлааны хүчээр шинж тэмдэг нь сайжирч, түүний дараахи шинжилгээнд сөрөг гарч эмнэлэгээс гарсан гэв.
Тайланд улсад 33 хүн халдвар авсан гэж тогтоогдон түүнээс энэ эмэгтэйг оруулаад 10 хүн нь эмнэлэгээс аль хэдийн гарсан гэлээ.

Орчуулсан: Лхагвадорж овогтой Энхтуяа

2020.02.13