Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “Хотоо соёлтой болгоё” аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын турш “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулж байгаа.

Аяны хүрээнд залуучуудын санаачилгаар цугларсан 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалтыг эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон 103 түргэн тусламжийн төвд хандивлалаа. Мөн тус төвд нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Эрүүл мэндийн газраас нүүрний хаалт, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл, бусад зүйлсийг гардуулан өглөө.

Энэ үеэр  нийслэлийн Засаг даргын орлогч, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа “Энэ маскаа хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа газруудад нийлүүлэхээр 103-ыг санал болгосон. Мөн нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Эрүүл мэндийн газраас 103-т тусгайлан нүүрний хаалт, маск, зориулалтын хувцас хэрэглэл, бусад зүйлсийг гардуулах гэж байна. 103 бол өвчин дэгдээд гараад ирлээ гэхэд хамгийн ачаалал ихтэй, тэргүүн эгнээнд ажиллах нийслэлийн харьяа салбар байгууллага. Тийм учраас 103 түргэн тусламжийн төвд онцгойлон анхаарал хандуулах ёстой гэдэг утгаараа өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.” хэмээн маск, хувцас хэрэглэлийг гардууллаа.

Үргэлжлүүлэн “Эерэг тэмүүлэл” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар “Бидний эрүүл энхийн манаанд байдаг эрүүл мэндийн салбарынхандаа нийслэлийнхэнтэй хамтраад 10,000 маск аян эхлүүлсэн. Үүний эхлэл 50,000 маск бидэнд цугларлаа. Бид бол ажлаа хийгээд амьдраад явж байгаа олон мянган эгэл залуучуудын төлөөлөл. Нийгэмдээ илүү сайн сайхан зүйлийг уриалга болгож хүргэж байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.” гэсэн юм.

“Эртэч Монгол” аяны хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр мэдээлэл хийх байдлаар зохион байгуулжээ.

Амны хаалт хандивласан залуучуудад энэхүү сургалтад хамрагдах эрх үүсэж сургалтад хамрагдсан бөгөөд эхний ээлжид цугласан 5000 амны хаалтаас 1000 ширхгийг Яаралтай түргэн тусламжийн төв 103-ын эмч ажилтнуудад хандивлаж байна.  Мөн 1000 ширхэг амны хаалтыг бусад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хандивлах ажээ.