Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг өчигдөр буюу энэ сарын 14-нд цуцалсан талаар koreanews.com мэдээллээ.

Ингэснээр тэдгээр мужуудад бизнесийн үйл ажиллагааг аажмаар сэргээх боломжтой болсон байна.

Харин Токио, Осака зэрэг хотын бүс нутагт халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, эмнэлгийн ачаалал багасах хүртэл онцгой байдал зарласан хэвээр байж, хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг уриалах ажээ.

 

Абэ Шинзо онцгой байдлыг цуцлах шийдвэрийг танилцуулах үеэрээ, 39 мужид халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх боломжтой болсныг тэмдэглээд, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж, вирусний шинжилгээ хийх хүчин чадал эдгээр мужид бий гэдгийг онцолсон байна.

 

Ерөнхий сайд үлдсэн найман мужийн онцгой байдлыг тавдугаар сарын эцсээс өмнө цуцлах боломжтой гэдгийг мэдэгдээд, энэ сарын 21-нд танилцуулах мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн энэхүү шийдвэрийг гаргана гэж хэлсэн байна.

 

Япон улс халдварын тохиолдол огцом нэмэгдэхээс зайлсхийж чадсан хэдий ч өнөөдрийн байдлаар халдварын 16800 гаруй тохиолдол бүртгэгдэж, 726 хүн нас баржээ.

Уг тоон үзүүлэлтэд өнгөрсөн хоёрдугаар сард Токио хотын ойролцоо тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй зорчигчийг оруулсан байна.

 

Абэ Шинзо Токио, Осака болон өөр таван мужид онцгой байдал зарлах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд гаргаж, 16-наас бүх 47 мужид тогтоосон юм.