Зайсан хилл цогцолборын “Prime Cineplex” кино театрт болсон “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны нээлтээс хүргэж байна. Тус бүтээлийг өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгож байна.

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон, Оскарын шагналт жүжигчин Марк Райланс нартай хамтран тоглосон жүжигчин, модель Б.Ганчимэг, гол дүрийн уугуул эмэгтэйн дүрийг бүтээхийн зэрэгцээ монгол жүжигчдээ мөн уг бүтээлд тоглуулах гүүр нь болжээ.

Энэхүү киноны албан ёсны эрхийг Black Stallion продакшн авч монголчууддаа толилуулж байгаа юм. Тус продакшныг үүсгэн байгуулсан жүжигчин Б.Ганчимэг, түүний ах продюсер Б.Гантулга, найруулагч Б.Гарамханд нар энэхүү кинонд монгол хэлийг санал болгож батлуулснаар монгол жүжигчид маань эх хэлээрээ, харин Оскарын шагналт жүжигчин монголоор ярихыг сонсох боломж тохиожээ.

Өмнөд Африкийн зохиолч Жон Максвелл Кутсигийн Нобелийн шагналт “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаар бүтээсэн энэхүү кинонд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ болон Монголын хэд хэдэн уран бүтээлчид туслах дүрүүдэд ажилласан байна.

Африкийн Марокко улсад зураг авалтыг нь хийсэн уг бүтээлийн үйл явдал нэгэн эзэнт гүрний хил орчимд орших хотод болж буй үйл явдлаар эхэлдэг. Элдэв гэмт хэрэг гардаггүй амар тайван энэ хотод хурандаа /Жонни Депп/ Жолл болон түүний цэрэг шалгалт хийхээр ирнэ. Хил орчимд амьдардаг нутгийн уугуул нүүдэлчдийг “Зэрлэгүүд” хэмээн нэрлэх ба тэднийг тун удахгүй хот руу довтлох гэж байна гэсэн цуу яриа дэгдсэнээр хурандаа ийнхүү морилжээ. Хотын захирагч хурандаад ямар нэг бослого болохгүй гэдгийг хэлдэг ч Жолл урьдчилсан арга хэмжээ авах нэрийдлээр нүүдэлчдийг хотод авчирч тамлан зовооно.

Тус киноны гол дүр уугуул бүсгүйн дүрд жүжигчин Б.Ганчимэг тоглосон бол хоригдол хөвгүүн, өвгөн хоёрт гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар, уугуул морьтонд жүжигчин П.Цэрэндагва тогложээ.

Амгалан амьдралыг үймүүлсэн хурандаа болон түүний цэрэг зэрлэг үү, эсвэл “зэрлэгүүд” нэр авсан уугуул нүүдэлчид зэрлэг үү гэсэн асуултыг зохиогч үзэгч танд үлдээж буй.

 

Зургийг: Black Stallion Production хуудсаас авав