Гэр хорооллынхон шахмал түлшний эрэлд гарч байна

Модод навчаа гөвсөн намрын сарууд гарч өдөртөө сэрүүн, шөнөдөө дулаан хонож байна. Энэ өдрүүдэд нийслэлийн гэр хорооллынхон зутруухан өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Гэрээ дулаацуулъя гэвч түлш нь эрээд олддоггүй эрдэнэ болжээ.
Хүйтэн гэрт амьдрах хүүхэд багачууд нь ханиад томуунаас салахаа больж, шөнө дөлөөр эмнэлэгт хандах нь ихэссэн байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ээс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Түүнийг “Сайжруулсан сайн түлш” нэртэй түлшээр орлуулахаар болж, өнгөрсөн өвлийн турш үйлдвэрлэсэн ч өнөөх нь олдсон нэгнийх нь гэрийн жаврыг үргээхээс цаашгүй байгааг иргэд хэлж буй юм. Бид энэ асуудлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийг зорьсон юм.
Нэрээ хэлэхийг хүсээгүй таксины нэгэн жолооч “Манайх Долоон буудалд амьдардаг юм. Нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноос хойш нүүрс олдохгүй байна билээ. Гэрт амьдардаг болохоор гал түлэхгүй л бол хүүхэд ханиад хүрчихнэ. Мод түлээд жавар арилахгүй, эдийн засагт ч шаталттай. Нүүрсээ түлье гээд таксинд явж байхдаа хайв ч олдохгүй, хот тойрч байна. Ядахдаа түүхий нүүрсийг орлоно гээд байсан “Сайжруулсан түлш” нэртэй шахмал түлш борлуулж байгаа цэг нь их цөөхөн, очоод авъя гэхээр дууссан гээд байхгүй. Ирэх өвлийг хэрхэн давахаа мэдэхгүй л байна. Одоо ч яах вэ болж байна, модоо түлээд аргатай. Нүүрсийг орлох шахмал түлшний чанарыг сайжруулахгүй бол ийм түлшээр өвлийг давна гэж байхгүй” хэмээсэн юм.