Х.Нямбаатар сайдаа хэтэрхий оройтсон ч танд эргэн сануулж дайх үг байна. Та хэлсэн ярьсан, гишгэсэн замаа эргэн нэг харж, өнөөдөр хийж байгаа, хэлж байгаа үг, үйлдлээ эргээд нэг хянана уу? Өнөөдрийн өндөр сэнтий чинь маргааш байх бил үү? Таны үг, үйлдэл баримт болон цаасан дээр үлдэж, үнэн, худал, шударга ёс цаг хугацааны шалгуураар орж байна.
Тэвчээрт хязгаар, тэнэглэлд төгсгөл бий.
Монголчууд төв талбай дээрээ төрийн албыг цүнх баригч, бөгс долоогч, хулгайчдаар дүүргэдэг “60 тэрбумын” авилгын сүлжээг эсэргүүцэж, өрх гэр, бор ходоодоо тэжээх жижигхэн бизнес эрхлэх боломжоо Их хурлын гишүүн ЖДҮчдэд алдсанаа үл тэвчин идэр есийн хүйтэнд шүгэл үлээсэн.
Шүглийг дууг нэмж төрийн ордноос Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар та нар нэмж “УИХ-ын дарга 2018.12.27-ны пүрэв гараг буюу маргааш 11:00 цаг гэхэд огцрох өргөдлөө өгөхгүй бол “МАНАН дэглэмийн эсрэг” тайван жагсаалыг Төв талбайд зохион байгуулахаа мэдэгдэж, талбай дээр бидэнтэй мөр зэрэгцэн “Шударга 5”- цол хэргэм зүүж эрх мэдэлд очсон нь үнэн. Иргэдийн боломжийг булааж, төлсөн татвар, ухсан, зөөсөн баялгийн буянаар тансаглаж, тарвалзаж яваа МАНАН дэглэм тэгээд сарнисан уу? Нөхцөл байдал дээрдсэн үү?
Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг үү?
УИХ, ЗГ, УОК, НОК -ийн мэдээллүүд чинь зөрж байна, харагдахгүй байна, хангалтгүй байна, хаалттай байна. Сэтгүүлч Б.Отгон 2020.11.22-нд цахим орчинд цар тахлыг голомтлуулсанЭнхсаран” сувилалд хариуцлага тооцохгүй байгаа асуудлыг судалж баримт түшсэн сэжүүрээ тавьсан байна. “Энхсаран” сувилал залхах, заваан, замбараагүй байсанг одоо олноороо мэддэг болсон. Улсын ч, түмний ч түрийвчийг гөвж байгаа асуудалд хариуцлага нэхэх нь шударга ёсонд нийцнэ.
Төрийн албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэх, төрийн албан тушаалыг баяжих, хөрөнгөжих, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгож болохгүй, нэгдмэл сонирхолтой этгээдтэйгээ холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүйг хуульчилсан улс билээ.
Мэдээлэлтэй иргэд ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэж үнэмшихүйц нөхцөл байдал бий болсонг олж тогтоон, ойлгогдохуйц этгээдтэй холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал байна гэж эрэн сурвалжилжээ.
Гэтэл та…. Энэ бол ор үндэсгүй, гүжир гүтгэлэг! Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн жишээгээр би дуугүй явсаар олон ч хуулийн эх баригч санаачлагч болсон удаатай! Одоо бүр сайхан, номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг л болж. Үнэн гутлаа өмсөх зуур худал хорвоогийн талыг туулах юм….. гэж няцаасан байна.
Няцаалтаа үндэслэл бүхий баримтаар няцаах бус уу? “Энхсаран” сувилалд УИХ-ын сонгуулиар амраасан ахмадуудын төлбөрийг хаанаас төлсөн, энд тусгаарлагдаж байсан гадаад, дотоодын иргэдийн төлбөр тооцоо, гэрээ, хэлцэл, голомтлон гарсан цар тахлын хүрээ хязгаар, хор хохирлын тооцоог шилэн болгохыг сүүлийн хэдэн өдрүүдэд цахимд давлагаалж төрөл бүрийн сэжүүр таамаг явж байна. Үүнийг л сэтгүүлч судалжээ, шүгэл үлээжээ.
Харин та шүгэл үлээгч, сэтгүүлчдийг хууль хяналт, хууль шүүхийн байгууллагаар “дарамтлах” аргад мэргэшиж байна. Тухайлбал:
1. Х.Заяа гэх фэйсбуук цахим хуудаст “…Нямбаатарын гаргасан хууль 14-тэй охин хүчиндвэл 450,000 төгрөгөөр торгуулаад л болоо, охины чинь хохь л болно. Ийм новшнуудыг төрд дахин бүү гарга. Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчид эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэсэн бичвэртэй миний нэр, зургийг пост хийж худал мэдээлэл тараасан энэ буруутай этгээдийг олж тогтоон хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн байдаг. Таны гомдол, хүчин зүтгэлээр Мөрч.мн сайтын нэгэн сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэлийн 726 тоот Шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ш.Бат-эрдэнэ. М.Алдар, Б.Ариунхишиг нарын шүүгчийн 2020 оны 11 дүгээр 03-ний өдрийн 1402 тоот Магадлалаар ял шийтгэлийг хэвээр үлдээн иргэн Х.Г-г 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж чадсан.
2. Мөн Мөрч.мн сайтад байсан “ Нямбаатар чи 14-тэй охиныг яаг яасын. МАНАН чинь чамайг ингэж дасгалжуулаа юу….” гэх постыг татан авч өөрийн “Гал бороо” нэртэй фэйсбуук цахим хуудсаараа иргэн Х.А share хийж улмаар 14 хэрэглэгч хуваалцаж /шэйрлэж/, 16 хэрэглэгч уг постод like дарж үзсэн болох нь тогтоогдож байна хэмээн та гомдоллож түүнд мөн Эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгүүлэхээр гомдол гаргаж улмаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарын 689 тоот Шийтгэх тогтоолоор иргэн Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14.1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн анхны Хууль зүйн сайд, их хурлын “шударга” гишүүн байж чадлаа.
3. Иргэн Э.Цэрэндолгор буюу цэнхэр үст Цэрэн гэх эмэгтэй мөн цахим орчинд Сонгино хайрхан дүүргийн сонгуулийн үйл ажиллагаа мафижсан гэх шүүмжлэлтэй хандсан постод гомдоллож түүний гэр лүү нь прокурорын бичгээ хүргүүлж 11 дүгээр сарын 06-нд Эрүүгийн цагдаа, БЗД-ийн цагдаа дээр хоёр хэрэг бүртгэл үүсгүүлж байцаажээ.
4. Одоо сэтгүүлч Б.Отгон цар тахлыг дотооддоо голомтлуулсан нь иргэн “Д” юу “Энхсаран” сувилал уу гэдэг асуудлыг хөндөж, хөөж судалсны нь төлөө “ясны дургүй чинь хүрч” гүжир гүтгэлэг гэж гомдлоо бичиж сууна уу? “Энхсаран” сувиллын тухай бичсэн сэтгүүлчийн ард хэн байна вэ? Сэтгүүлчдийн сүлжээг илрүүл гэж цагдаагийнханд лүндэн буулгаж дөвчигнөж байна уу?
5. Танд итгэх итгэл алдарсан над шиг иргэдийг олон нийтийн сүлжээгээр нэр зааж үг дайлаа гэж бас гомдоллох уу?
Төв талбай дээр МАНАН дэглэмийн эсрэг, ЖДҮчдийн эсрэг хариуцлага хүлээлгэнэ гэж жагсаж байсан олон түмэн таныг ЖДҮ-гээс 950 сая төгрөг авсан байсанг мэдээгүй байсан. Та 2018 онд ЖДҮийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” ХХК-ийн 950 сая төгрөгийн барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байр, эхнэр И.Баярмаагийн дүү И.Баярбалын /ЧА82100913/ орон сууц, дүү Хишгээгийн Нямаа /ЦА85011360/-гийн орон сууц зэрэг хамаарал бүхий хүмүүсийнхээ орон сууц, үл хөдлөх хөрөнгийг 973 сая төгрөгөөр үнэлж барьцаалж авсан баримт, мэдээлэл цахимд байна. Та аваагүй гүтгэлэг гэдэг ч уг 950 сая төгрөгийг хэн, юунд, хэрхэн зарцуулсан, зээл нь эргэн төлөгдсөн талаар санхүүгийн гүйлгээний баримтуудыг ил гаргаад ирсэн бол танд итгэх байлаа.
Та хуульч Алтангэрэлтэй С1 ТВ-ээр 2018 оны хавар ….Миний дургүй хүрч байна‼️УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх бол “хулгайч” нуугддаг газар болчихсон‼️ Төр хохироосон хүмүүс гадаадад хаус авч, гольф тоглон, хөрөнгөө шилжүүлээд эрх чөлөөтэй явна‼️ Эдэнтэй шийтгэл ярьсныхаа дараа бусадтай яръя‼️ гэж ярилцахдаа ….. гоё сайхан юм ярьж байгаад хариуцлагаас мултарчихдаг, их хурлын гишүүн болохоороо, эсвэл төрийн дээд өндөр албан тушаалтан болохоороо иммунитет эрх эдэлчихдэг, иммунитет нь бүх хулгайч нарын нуугдах орон зай болдог, түүний төлөө, бүгд тэр иммунитетийн төлөө бараг сонгуульд оролцдог, тэрнээс биш хийж бүтээе гэдэг илүүтэй биш, албан тушаалыг бусдад, өөртөө давуу байдал олгох замаар бизнес болон ахуй амьдралаа цэцэглүүлж хөгжүүлдэг, энийг бид нарын доод талын үеийн залуучууд …. аль нэг компанид өсөн дэвжиж бойжиж ажиллахаасаа илүүтэй хэн даргын цүнхийг барьж явж байгаад маш богино хугацаанд төрийн өндөр дээд албан тушаалд гарчихдаг…төрд хохирол учруулсан хүмүүс өнөөдөр эрх чөлөөтэй зарим нь гольф тоглоод явж байна, зарим нь гадаадад хаус авч, зарим нь өөрсдийн хөрөнгөө ийш тйшээ шилжүүлээд байгаад яг үнэндээ миний дургүй хүрээд байгаам, өөрөөр хэлбэл эд нартай яг адилхан ял шийтгэл ярьж байж бусадтай шударга ёсны тухай л ярих ёстой….миний ясны дургүй хүрч байна…. гэсэн ярилцлага байна.
Гэтэл таны үг, үйлдэл байнга зөрж байна.
Ганцхан жишээ хэлэхэд та 2020 оны 06 дугаар 13-нд …ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг ялласан шүүхийн гаргасан шийдвэр хууль бус байна. Энэ бол хууль бус, улс төржсөн шийдвэр. Ийм шийдвэр гаргасан хүмүүст Шүүхийн мэргэжлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч ҮАБЗийг зөвлөлийг хуралдуулж ийм шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой. ШҮҮГЧ НАРТ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ШАЛГАХ ЁСТОЙ” гэж ярьсан. Одоо та нар МАНын 100 жилийн ойгоороо Өршөөлийн хууль баталж ял шийтгүүлсэн намынхаа гишүүдийг суллах уу?
Та нар гоё ярьсаар төрийн иммунитетийг улам унагачихлаа. Одоо та өөрийнхөө өчүүхэн нэр төр, алдар хүндийг хамгаалуулж хууль шүүхээр үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгонд ял шийтгэл оногдуулж өөрийнхөө ч иммунитетийг алдаж байна. Таны нэр төрийг хамгаалахын төлөө иргэд хохирч, цагдаа, прокурор, шүүх чирэгдэж байна. Мандах төрийг мөхөөх ажлыг та гардан хийж явна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 19 дүгээр зүйл Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.
Иргэний болон Улс төрийн Эрхийн Олон Улсын Пактын 19 дүгээр зүйл “ төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй”.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 Монгол Улсын иргэн, төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамааралгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ гэж хуульчилсныг та эрх биш ЭРХ ЗҮЙЧ хүн байна ойлгох байлгүй дээ.
Танд итгэж олгосон өндөр дээд эрх мэдэл, албан тушаал ХИШГЭЭГИЙН НЯМБААТАР гэдэг хувь хүний гомдол, гонгишнол, гонгинолт байх ёсгүй. Та Бүрэн эрхэт Монгол улсын хууль тогтоогч, хууль сахиулагч. Таны үзэгний үзүүр, үг, үйлдэлд Монгол улсын 3,2 сая иргэний хувь заяа явж байгаа гэдгийг өглөө бүр санаж, үдэш бүр нягталж явах үүрэг, хариуцлага оногдсоныг сануулж үгээ дайлаа.
2020.11.23.
Иргэн. Туяацэцэг