Орхон аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн мэдээлэлд Улсын Онцгой комиссоос Эрдэнэт хотод ажиллаж буй шуурхай бүлгийн ахлагч, зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ.

Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт батлагдсан тохиолдол илрээгүй байна. 23-аас 24ны хооронд түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр тархвар судлалын заалттай 2684 иргэнээс шинжилгээ хийлээ.
Хөл хорио тогтоосон 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн нийт 13692 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ нь нийт иргэдийн 11,5 хувийг эзлэж байна. Үүнээс 1025 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна.
Нийт 6 ажиглан тусгаардах байранд ойрын хавьтлын 152 иргэнийг тусгаарлалтад авсанаас том хүн 107, хүүхэд 46 байна. Мөн халдвартын тасагт 8 иргэн тусгаарлагдаж байгаа бөгөөд нийт 33 албан хаагч ажиллаж байна.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн бүх ажилчид түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан бөгөөд түүврийн аргаар бүх цехийг хамруулсан баталгаажуулах сорьцыг авч шинжилгээнд хамруулахаар ХӨСҮТ-д явуулаад байна.
Тусгаарлагдаж байгаа төмөр замын ажилчдаас давтан PCR-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарлаа. Өнөөдрөөс гэрийн тусгаарлалтад байгаа 290 хүүхдээс давтан шинжилгээ буюу PCR-ийн шинжилгээ авч эхэлнэ.
Аймгийн хэмжээнд эмийн болон, хүнсний худалдааг зогсоож хүргэлт түгээлтийн үйлчилгээнд шилжсэн. Өнөөдөр гурав дахь хоногтоо явагдаж байна. Энэ хугацаанд эмийн сангийн хүргэлтийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд 1000 төгрөгний эмийг ч гэрт нь хүргэж байгаа гэдгийг мэдээлсэн юм. 24 цагийн хүргэлттэй хоёр эмийн сан ажиллаж байгаа бөгөөд 19 цагаас хойш хүргэлт хийх юм байна.