Бие хаа, царай зүс, мэдлэг боловсрол гээд Монгол моделиудаас хамгийн төгс төрхтэйд тооцогддог энэ бүсгүйг Саруулын Төгс гэдэг.

Үе үеийн шилдэг модель, дизайнаруудын төрүүлсэн “Урлах эрдэм” дээд сургуулийн загварын долоо хоногийн тайзнаас моделийн гараагаа эхэлж байсан түүний хувьд эх орондоо загвар өмсөхийн зэрэгцээ Германы IZAIO агентлагийн гэрээт загвар өмсөгч, make up artist мэргэжлээр ажиллаад багагүй хугацааг үдэж буй билээ.
Өвөрмөц дүр төрх, өндөр ур чадвараараа загварын тайзнаа гэрэлтдэг загвар өмсөгч С.Төгс одоогоос 7 жилийн өмнө модель С.Эрдэнэцогттой хамт амьдарч, дундаасаа охинтой болсон.


Бяцхан охиноо тэр бүр олны өмнө ил гаргаад байдаггүй модель бүсгүй цахим хуудаснаа “Маш олон хүн Сийлүүхийг харъя гэсэн түүний зургийг орууллаа. Өнөөдөр сайхан ааштай байна. Зургийг нь авч амжлаа” хэмээн бичжээ.
Түүний охин өдгөө С.Төгсийн ээжтэй хамт амьдардаг аж. Загвар өмсөгч Төгсийн ээжийг Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн, улс төр судлаач А.Саруул гэдгийг тэр бүр мэддэггүй. Улс төрийн салбарт өөрийн гэх орон зайг тунхаглаж, ногоон хөгжлийн төлөө нойр хоолоо умартан зүтгэж байгаа тэмцэгч хатагтай нарын нэг бол яах аргагүй А.Саруул.


Харин эрчүүдийн ертөнцөд тэдэнтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, тэмцэж ирсэн төмөр хатагтай, “ногоон” бүсгүйчүүдийн командлагч тэрээр охиноо загварын ертөнцөд хөл тавихад ихээхэн дэмжиж, итгэл найдвар өгсөн гэдэг шүү.