Монгол улсынхаа төрийн далбайг дэлхийн дэвжээн дээр хэд хэдэн удаа мандуулж, ард түмнийхээ бахархал болж чадсан, идэр залуу аварга Д.Сумъяагийн Монгол ахуйд авхуулсан зургийг уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Д.Сумъяа тухай 10 баримт

1. Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медаль авсан түүхтэй. Харин Д.Сумъяа 25 дахь медальтан тамирчин болоод байна. Мөн “Рио-2016”-аас медаль хүртсэн анхны тамирчин.

2. Д.Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй дүүтэй айлын ууган охин.

3. Түүний аав залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байжээ. Охин 16 настай байхдаа өөрийн хүсэлтээр, аав ээжийгээ ятган бөхийн секцэнд орсон.

4. Түүний анхны багш Базарсүрэн, Эрдэнэбат. Харин сүүлийн 9 жил Х.Эрдэнэт-Од тасралтгүй дасгалжуулжээ.

5. Д.Сумъяа Х.Эрдэнэт-Од багшийнхаа жинд барилддаг. Багшийнхаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээс хойш 10 жилийн дараа амжилтыг нь давтаж хүрэл медаль энгэртээ зүүсэн.

6. Д.Сумъяа өөрийн гэсэн кимоногүй хоёр жилийн турш хүний кимоно гуйж өмсөн тэмцээнд ордог байжээ. 2009 онд Хятад кимоно 80 мянган төгрөгөөр худалдан авч хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг.

7. Дэлхийн оюутны спортын наадам Универсиадаас алтан медаль хүртсэн амжилтыг нь төр засаг үнэлж 30 сая төгрөгөөр шагнасан.

8. “Infostrada” цахим хуудас “Рио-2016” Олимпийн чансааг гаргахдаа Д.Сумъяаг жиндээ алтан медаль хүртэнэ гэж байв.

9. Д.Сумъяа “Тамирчин хүн өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Өрсөлдөгчөө надаас илүү гэж бодохгүй харин ч зоригтой байх ёстой. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг” гэж байв.

10. Д.Сумъяа  Х.Цогтбаатартай гэрлэсэн. Тэднийг спортын ертөнцөөс төрсөн сайхан хос гэдэг. Тэд бие биенээ дэмжин амжилтын төлөө тэмүүлж яваа залуус.