Томографын шинжилгээ өгөх гэж Улаанбаатарт ирээд, бүх нийтийн хөл хорионд орж, эхнэрийнхээ хамт ес хоногийг автомашиндаа өнгөрүүлсэн П.Билэгтсайханыг монголын ард түмэн эчнээ танидаг болсон бизээ.

Гэхдээ тэр юуг туулж өнөөдөрт ирсэн, юунд зорьж тэмүүлж явааг хэн ч мэдэхгүй.

“Ямар хугацаанд амьд байхаа мэдэхгүй учраас” гэгчлэн ярихын шалтгаан нь тэрбээр ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр зэргийн оноштой. Энэ оношийг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард сонсож, хагалгаанд орж, гурван удаагийн хими эмчилгээ хийлгэсэн. Одоо яс янгинах байнгын зовиуртай учраас өвчин намдаах эмчилгээ тогтмол хийлгэж, улиралдаа нэг удаа томографын шинжилгээнд хамрагддаг байна.

Даарснаас болсон уу, үе үе ухаан алдаж унадаг болчихлоо

П.Билэгтсайхан дуу хуурын өлгий Дундговь нутгийнх. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэмээчин н.Цэнд өвөөгийнхөө дэргэд мал маллаж, морин дэл дээр өссөн. Нас биед хүрч, цэргийн алба хаагаад, цагдаагийн газар, Оюутолгойд ажиллаж байсан нэгэн юм. Малчин өвөөгийнхөө байнгын баримталдаг зарчим, сургаалийг сонсож өссөн учраас газар шороо, эх дэлхийгээ хайрлах нь түүний амьдралын зарчим болжээ. Тийм ч учраас 2017 онд “Босоо хөх монгол” ТББ-ын Эрдэнэт хот дахь салбарыг байгуулж, тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн байна. Хоёр жил орчмын хугацаанд тухайлбал, Булганд зам тавьж байсан Хятад компани ажилчдынхаа цалин мөнгийг өгөхгүй байсныг хөөцөлдөн шийдүүлж, Орхон аймагтаа өрх толгойлсон эмэгтэйг газар, хашаа, гэр оронтой болгох, хүүхдийнх нь эмчилгээний зардлыг хөөцөлдөн цуглуулах, 1000 мод тарих гэгчлэн том бага гэлтгүй ажлуудыг хийж байжээ.

Дундговийн хүү П.Билэгтсайхан Эрдэнэтэд байгал, газар усны төлөө, зовсон нэгэнд туслахын төлөө ажиллаж эхэлсэн нь түүний гэр бүлтэй холбоотой. Учир нь тэрбээр долоон жилийн өмнө эхнэр П.Гэрэлтбадамтайгаа танилцан, түүний төрсөн нутаг болох Эрдэнэт хотод гал голомтоо бадраан амьдралаа эхлүүлсэн юм. Хань П.Гэрэлтбадам нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй нэгэн бөгөөд ганц охин дүүтэй. Дүү нь хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй учир хэн хэндээ дэм болохын тулд нэг хүүхдийг нь үрчлэн авсан нь өдгөө П.Билэгтсайханы ганц хүүхэд, есдүгээр ангийн охин билээ.

Улаанбаатараас ирснээс хойш биеийн байдал тань ямар байна вэ?

Машинд ес хонохдоо бензинээ хэмнээд байнга асаагаад байж чадаагүй, нэлээд даарсан. Түүүнээс болсон уу гэртээ ирснээсээ хойш үе үе ухаан алдаж унаад байдаг болчихлоо. Биеийн байдал ерөнхийдөө хэвийн. Яс байнга янгинаж өвддөг. Өвчин намдаах эм тариагаа хэрэглээд л байж байна.

Хамаг байдгаа судсаараа шахчихсан болохоор хүний гар хараад үлдэх эхнэртээ л зовох юм

Би таны фэйсбүүк дэх нийтлэлийг олж харсан юм. “Миний мөрөөдөл” гэдэг тайлбартайгаар модны цахилгаан хөрөөний зураг нийтэлсэн байсан.

2019 оны 11-р сард хагалгаанд орсноосоо сар орчмын дараа мод, төмрөөр эд зүйл хийж, зарж борлуулж эхэлсэн. Өмнө нь ийм ажил хийж байсангүй, миний удамд ч дархан, мужаан хүмүүс байхгүй. Нэг ёсондоо амьдралын шаардлагаар хийж эхэлсэн гэхэд болно. Хагалгаанд орохын тулд хашаа байшингаа гэгчлэн өөрт байгаа бүхнээ үрж зараад, судсаараа шахчихсан хүн чинь амьдрахын тулд ажиллахаас өөр арга байхгүй. Ингээд л хийж эхэлсэн. Захиалга өгдөг хүмүүстэй ч болсон.

Миний эхнэр бүтэн өнчин, сонсголын бэрхшээлтэй хүн учраас ажил хийх боломжгүй. Хийсэн зүйлийн маань төлбөр эм тариа, хоол хүнснээсээ хэтрэхгүй юм. Уг нь багажтайсан бол амьдрал сэвхийгээд л босоод ирмээр санагдах юм.

Та одоо ямар багаж ашиглаж байна вэ?

Таны “мөрөөдөж байгаа” багаж ямар үнэтэй байна, судлаж үзэв үү? Жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн зээл, тусламжууд бас байдаг.

Хагалгаанаас гарч, юм хийж эхэлсний дараа Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут надад туслаад, 800 мянган төгрөг шийдэж өгсөн юм. Тэр мөнгөөр хуучин хятад хөрөө худалдаж аваад, тэрүүгээрээ одоо юмаа хийдэг. Гол нь одоо тэр маань эвдэрч, муудчихаад байгаа юм. Ажлын байртай болох гээд зун рамыг нь босгосон ч мөнгө дутаад, хүйтрээд дуусгаж чадаагүй учраас одоо гэрийнхээ тал зайг зайчилчихаад л тэндээ гараараа шахуу “үзэж тараад” байна.

Миний “мөрөөдөөд” байгаа багажийг “универсал хөрөө, хятад хөрөө” л гэж нэрлэдэг юм л даа. Хөрөө, харуул хоёр нэг багажинд байдаг гэсэн үг. Үнийг нь судалж үзсэн. Улаанбаатарт шинэ нь 1.5 сая төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ.

Манай Эрдэнэтийнхэн намайг сайн мэддэг, захиалга ч их өгдөг. Гол нь би багажгүй, ажлын байргүй учраас захиалга бүрийг аваад байж чаддаггүй. Олсон хэд маань хоол, эм тариандаа л таарчихаад байна.

Зээл тусламжийг ч ах нь бүгдийг нь судалж, хөөцөлдөж үзсэн. Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангийн зээл, Халамжаас олгодог зээл гээд л. Бүгд барьцаа хөрөнгө шаарддаг юм байна лээ. Байдгаа барчихсан хүн чинь юугаа барьцаалах билээ дээ. Нөгөө талаас би зээл тавихаас айж байна. Ямар хугацаанд амьд байхаа мэдэхгүй учраас тусалж дэмнэх хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй эхнэртээ нэг төгрөгийн ч гэсэн зээл үлдээгээд явмааргүй байна. Харин эсрэгээрээ хагалгааны зардалд алдсан гэр орноо бүтээж босгоод, энэ хүнийг амьдралын баталгаатай, хүний гар харахааргүй болгоод үлдээхсэн гэдэг ганцхан зорилго л надад байна. Сонсголгүй, хүчин дорой ийм эмэгтэй хүн ганцаараа үлдээд хэнээс тусламж гуйгаад явах билээ дээ.

Эх орон, газар шорооны төлөө андгай тангараг өргөж явсан хүмүүс болохоор мэндтэй явахсан гэж л боддог

Та “Босоо хөх монгол” ТББ-ын Эрдэнэт дэх салбарын тэргүүн хэвээрээ юу? Танай байгууллагаас тусламж, харилцаа байдаг уу?

Хагалгаанд орохынхоо өмнө “Босоо хөх монгол”- ын салбарын тэргүүний ажлаа хүлээлгэж өгсөн. Намайг өвдөж эхэлснээс хойш элдэв яриа гарч эхэлсэн. Албан тушаалд дуртай, хоорондоо хуйвалддаг, фракц үүсгэдэг зэрэг асуудал хаа сайгүй л байдаг. Тийм зүйл гарч, өвдөж байх үед маань дуулдсан юм. Тиймээс хагалгаанд орохоосоо өмнө ажлаа хүлээлгэж өгсөн. Би албан тушаал, нэр хүндэд дурлаж, энэ салбарыг байгуулаагүй. Газар дэлхий, байгал орчныхоо төлөө, бас зовсон нэгэнд дэм болохсон гэж байгуулсан. Харин бусдад танигдаж, хийгдсэн ажлууд маань энэ хугацаанд салхинд хийссэн үнс шиг болсон байна лээ. Ажлыг маань авсан хүмүүс ганц хүнд тусалдаггүй, ганц хүнээ өмөөрөөд дуугардаггүй болсон байна.

Хагалгаанд ороход маань “Босоо хөх монгол” ТББ-аас надад 4 сая орчим төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ мөнгө намайг амьд гарахад нөлөөлсөн. Хагалгаанаас хойш бол ямар ч харилцаа, холбоо байхгүй. Намайг хүндээр өвдсөн болохоор байнга юм гуйна гэж айдаг уу, сайн мэдэхгүй юм. Хүн чанар гэдэг зүйл хэцүү болсон цаг үе байна. Би их л гайхдаг юм. Би тэднээс гуйгаад юу болох вэ. Уг нь эх орон, газар шорооны төлөө андгай тангараг өргөж явсан хүмүүс болохоор мэндтэй устай явахсан гэж л заримдаа боддог юм. Гэхдээ гомдоод яах вэ дээ. Амьдрал ийм л байдаг. Эрүүл саруул байхад манайх түм бужигнасан л айл байсан.

Хавдрын ганц эмнэлэг бариад өгөөч” гэж энэ өвчнөөр зовж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхний өмнөөс гуйя

Хавдар судлалын эмнэлэг пиг дүүрэн, улсдаа ганцхан учраас тийм байхаас ч өөр яах билээ. Уг нь эмч нар нь маш чадварлаг. Өнөө маргаашгүй болчихсон хүмүүс сарын дараах хагалгааны өдрөө хүлээсээр амиа алдаж байна. Хавдар судлалын ганцхан эмнэлэг нэмээд бариад өгөх сэтгэл төр засгийн маань удирдлагуудад алга. Би бүх л гишүүд, сайд дарга нар руу мессэж бичдэг. Бүгд “ойлголоо, анхаарна аа” л гэдэг. Гэхдээ хэлж ярьж байгаа нэг ч хүн алга л байна. Айл бүрт хорт хавдваар өвдсөн дор хаяж нэг хүн байна. Тэдний төлөө ганцхан эмнэлэг нэмээд бариад өг л дөө гэж энэ өвчнөөр зовж байгаа хүмүүс, тэдний ар гэрийнхний өмнөөс гуйя.

Хавдраар өвдсөн хүмүүс хамаг байдгаа зараад, эмчилгээ хийлгээд л, удалгүй өнгөрдөг:. Ар гэр нь ядуусын эгнээнд шилжээд л үлдэж байна. Ялангуяа ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна шүү дээ. Өвдсөн гурван хүн тутмын хоёр нь амиа алддаг, нэг нь 5-10 жил амьдардаг хэмжээнд хүрсэн байна.

Эрт илрүүлэг, оношилгоо чухал байна гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Иргэдийн хэнэггүй байдалд ч өөрчлөлт хэрэгтэй байх.

Тийм ээ. Монголчууд хэнэггүй ард түмэн. “Цээж хорсоод байхаар нь сода уучихлаа” гээд л ярьцгаадаг. Тэр үед нь ядаж, бүтэн шинжилгээ өгчихдөг болмоор байна. Жилдээ нэг удаа шинжилгээ өгөөд байвал хэн ч над шиг оройтсон хойно нь амаа барихгүй. Дээрээс нь ходоод бол стрессний өвчин гэдэг шүү дээ. Нийгмийн стресс маш их нөлөөлж байна.

Нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал ч нэрмээс болж байна. Жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээ өгч, эрүүл, зөв хоолохдоо анхаарч байж л хайртай хүмүүстэйгээ үлдэх, эдийн засгаар хохирохгүй байх боломж байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Хүмүүст анхааруулж хэлж, захимаар байна.

Тухайлбал, химийн эмчилгээ гэхэд л манай улс үнэндээ хариуцлагагүй. Гурван удаагийн эмчилгээний хоёрыг нь өвчтөн хувиасаа худалдаж авч хийлгэхээс өөр аргагүй байх жишээний. Уг нь улсаас үнэ төлбөргүй эмчлэх ёстой байтал улсын эм тарианы хангамж нь дуусаад тасарчихна. Гэтэл хувийн эмнэлэг, эмийн санд байж л байдаг. Нэг удаагийн химийн эмчилгээнд сая гаруй төгрөг шаардлагатай болдог. Томографын шинжилгээ зөвхөн хэвлийн хөндий гэхэд л 280 мянган төгрөг, тэгээд өөр эрхтэн үзүүлэхэд төлбөр нь нэмэгдээд явдаг гэх мэтээр иргэд рүүгээ чиглэсэн, тэдэнд дэмжлэг болсон бодлого бариасай, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийгээсэй, өвдсөн зовсон ард түмнээ сонсоосой гэж үнэхээр их хүсдэг. Над шиг бодол хүсэл тээж, амьдрахын төлөө тэмцэж, ар гэртээ санаа зовсон хүн манай улсад жилдээ 4000-аараа шинээр нэмэгддэг гээд та бод л доо…

Тэр хөдөлмөрлөхийн тулд МӨРӨӨДӨЖ байна

Мөрөөдөл хязгааргүй шигээ бас үнэ цэнэ нь хэмжээлшгүй. Гэхдээ П.Билэгтсайханы мөрөөдөж буй зүйл болох модны хөрөө, харуул 1.5 сая төгрөгийн өртөгтэй. Тэр амьдралаа босгох гэж, ханьдаа санаа зовохгүй гэж, ажиллаж хөдөлмөрлөх гэж “мөрөөдөж” байна. Түүний мөрөөдөлд туслах бол Хаанбанк 5595037264- П.Билэгтсайхан.

Ярилцсан: Ц.Анхзул