Короннавирусийн халдвар /ковид-19/ -аас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар зохион байгуулж байгаа ажлын тухай аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал танилцууллаа. Онцлох ажлын товчийг хүргэж байна.

       Манай аймгийн тухайд төмөр зам дагасан халдварын голомт илэрч 25 тохиолдол батлагдсан.Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал голомтлон гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоож эхэлснээс хойш 40 хоног өнгөрч байна.
         Дээрх хугацаанд аймгийн Онцгой комиссын хурлыг 7 удаа, Шуурхай штабын хурлыг 46 удаа хуралдуулж, нийт 221 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж, аймгийн Засаг даргын  1 албан даалгавар, 16 захирамжийг гарган зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
       Улаанбаатар хот болон бусад аймгаас ирэх иргэдээ татан авахтай холбоотойгоор 7 газарт бүртгэл хийж хүлээж авах цэгийг байгуулан 81 автобусаар 2883 иргэн, хувийн 1769 тээврийн хэрэгслээр 6308 иргэн, аймгаас гарах чиглэлд  66 автобусаар 1574 иргэн, хувийн 509 тээврийн хэрэгслээр 2638 иргэнийг  зорчих үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.
       Хөл хорио тогтоосон хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний захиалга авах хүсэлтийг Erdenet.mn сайтаар дамжуулан 2020 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрийг дуустал цахимаар 654, утсаар 10659 захиалгыг авч гараас гарт үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулсан байна.
     Аймгийн Засаг даргын А/697-р захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дугаарын хязгаарлалттайгаар явуулах, эрсдэлийн үнэлгээ хийж шаардлага хангасан газруудыг нээх асуудлыг шийдсэн бол Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын 729-р захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс  хорио цээрийн дэглэмийг бууруулж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн болно.
       Аймгийн хэмжээнд батлагдсан 25 тохиолдлууд ХӨСҮТ-д эмчлүүлж, өнөөдрийн байдлаар 18 иргэн эдгэж, тусгаарлан ажиглах хугацаа дуусч, гэрийн ажиглалтад шилжсэн. Иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.                Эдгээр иргэдийн ойрын хавьтлын 467 иргэн, дам хавьтлын 4700 иргэнийг хяналтандаа авч ажилласан.
Халдварыг илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуураар 32340 иргэнээс, PCR шинжилгээнд 11824  иргэн хамрагдсан байна. Энэ нь нийт 44164 хүн буюу нийт хүн амын 41.0 хувийг шинжилгээнд хамруулсан байна.
     Аймгийн Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төвийн байранд 70359099, 70353666 шууд утсыг 9 оператортойгоор ажиллуулж, өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 26179 дуудлагыг хүлээн авч, 10463 иргэнтэй холбоо барьж, нийт 1191 цагийн яриа мэдээлэл өгч ажилласан байна.
      2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд аймгийн болон улсын төсвөөс Ковид -19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд зориулж 1.0 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөн зарцуулж байна. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүдээс  173,7 сая төгрөгийг бэлнээр болон дансаар, мөн 62,5 сая төгрөгийн бараа материалыг аймгийн Онцгой комисст хандивлаад байна.
Мэдээллийн төв