Нийслэлийн харьяа газар, хэлстийн 20 гаруй дарга нар сүүлийн хэдэн хоногт ажлаасаа чөлөөлөгджээ. Бөх хүний арга мэх, улс төрч хүний мэдрэмжийн аль ч талаар нь бодсон нийслэлд өрнөж байгаа дээрх албан тушаалын томилгооны үйл явдлын учир зангилааг зөвхөн Д.Сумъяабазар гэдэг хүнтэй дангаар нь холбож ойлгож үзэхэд учир дутагдалтай мэт.


Учир нь тэрбээр нийслэлийн Засаг дарга болоод МАН-ыг сонгуульд ялуулахын төлөө, хотын хөгжлийн төлөө зүтгэж явсан намын “угшилтай” нийслэлийн харьяа байгууллага, газар хэлтсийн дарга нарыг нэг бүрчлэн хоморголон халах шийдвэрийг өөрөө гаргасан уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Үнэхээр тэрбээр өөрөө ингэж шийдсэн бол мань эр МАН дотроо олон дайсантай болохыг зэрэгцээгээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зөвхөн өөртөө ТОМ ХҮЧ хуримтлуулж авахын төлөөх улайрал гэж хэлж болох юм.
Тийм биш гэвэл хаа газрын дарга нарыг бакумжуулж байгаад өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг, ингэхдээ бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа, нийслэлийн агентлагийн дарга нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх зэрэг ташаа мэдээллийг Хотын даргад хүргэж, улмаар “хүний гараар могой бариулах”-ын зальжин арга барилаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гэдэг хүн ажиллаад байна уу гэж хардахад хүрч байгаа юм.

Хэрэв тийм бол төрийн албыг хувийн компанийн ажил мэт ойлгож, төрийн албаны ёсзүйгүй авир гаргаж, аархсан, сүрдүүлсэн байдлаар томилгооны асуудалд оролцож байгаа Ж.Сандагсүрэнтэй Хотын дарга Д.Сумъяабазар та хариуцлага тооцно бизээ. Эс бөгөөс МАН тантай хариуцлага ярих цаг ирэх буйзаа.