Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.12.26) мэдээллээ хийлээ.

Өчигдөр (2020.12.25) нийт 14227 хүнд шинжилгээ хийхэд долоон хүнээс Covid-19 илэрсэн. Үүнд, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомтоос хоёр өвчтөн, нэг сахиур, нэг гэр бүлийн хүн байна. Ингэснээр нийт 146 хүн халдвар аваад байна. Эдгээрийн ойрын хавьтал 1444 хүнийг илрүүлж, хоёр дахь шинжилгээнд хамрууллаа.Үлдсэн хоёр тохиолдол нь Хавдар судлалын хоёр эмч бөгөөд урьдчилсан байдлаар халдварын эрсдэлтэй хүнтэй ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Энэ хоёр хүний ойрын хавьтал нэг хүнээс вирус илэрсэн. Хавдар судлалын үндэсний төв дээр тандалт судалгаа хийж, нийт 112 ойрын хавьтлыг тусгаарласан. Мөн 500 орчим хоёрдогч хавьтагчийг тогтоож, урьдчилсан байдлаар 400 гаруй хүнд шинжилгээ хийж, одоогоор вирус илрээгүй.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 292 болж байна. Харин Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Үүнд, Сэлэнгэ 216, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай гурав, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32 бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн 1082 тохиолдол батлагдсанаас 711 хүн эдгэрсэн байна. Харин дотоодын халдвар 618 болж, 127 хүн эдгэрч Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжээд буй.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 362 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Эхний голомтууд тогтоогдсон ч дараагийн голомт шинээр гарч ирэх эрсдэлтэй байна. Амьсгалын замын халдварт өртөх эрсдэлтэй хүмүүсээс түүврийн аргаар шинжилгээ авч эхлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Мөн ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт биеийн байдал маш хүнд байсан, коронавирусийн дагалдах оноштой нэг хүн нас барлаа.