Хилийн цэрэгт алба хааж байсан байлдагч оргож байхдаа төөрч, ОХУ-д саатуулагдсан байна.

Тодруулбал, Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4-р заставаас 12-р сарын 19-ний шөнийн 03 цагийн үед байлдагч Х.О нь харуулын байрнаас гарч яваад эргэж ирээгүй байна. Тиймээс тухайн байлдагчийг оргосон гэж үзэн гэсэн эрэн хайх ажиллагааг хилийн цэрэг болон цагдаагийн алба хаагчийн хамт эхлүүлсэн байна.

Оргосон гэгдэх цэрэг төөрч, хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд түүнийг Монгол улсад хүлээлгэн өгсөн аж.

Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Увс аймгийн Сагил суманд байрладаг бөгөөд оргосон байлдагч нь 22 настай бөгөөд Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ сумаас тус ангид хуваарилагдан алба хааж байсан аж.

Тухайн цэрэг оргосон уу, төөрсөн үү гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар ХХЕГ-аас тодруулан эргэж мэдээлэх болно.