Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед замын хөдөлгөөнд зөвхөн QR код бүхий тээврийн хэрэгсэл оролцож байгаа. Хэрвээ QR кодгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм бол цагдаа нар буцааж байгаа.

Жүжигчин А.Ганчимэг QR код бүхий машин унаж явсан болох нь тогтоогдсон талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүний унаж явсан машины QR кодтой машин нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Жүжигчин А.Ганчимэгийн дүү нь ХХМТ-ийн газарт ажилладаг. Тухайн үед дүүгийнхээ машиныг унаж байсан” гэв.

Энэ тохиолдолд QR кодыг хураан авч, Зөрчлийн хэрэг нээн шалгах юм байна. Улмаар гэм буруутай гэж шүүхээс үзвэл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн ХОЁРТ: “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Гэж заасан. Өөрөөр хэлбэл жүжигчин А.Ганчимэгийг гэм буруутай гэж шүүхээс үзэх юм бол 500 000 төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах ял оноох юм.

Тиймээс QR код бүхий хүмүүс өөрийн машинаа бусдад шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Шилжүүлсэн, шилжүүлж авсан нь адил хуулийн хариуцлага хүлээхийг сэрэмжлүүлж байна.