Хуулийн Хулгай Хөл Хорионоор….

“ЯЛСАН НАМ”-ын шүүх байгуулж, ЯЛТАН АВЛИГАЧДАА суллах гэж байна!!!

УИХ шүүхийн тухай хуулийг “чоно борооноор ” хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүдэд хоол, халуун кофе зөөж, шөнийн 03 цаг хүртэл хуралдуулав.Одоо чуулганаар яаравчлан хэлэлцэж байна.

“Авлигажсан шүүхийг аятайхан болгоно” гэсэн бидний итгэл дээр дөрөөлж өөрсдөө шүүхийг эрхшээх гэж байгаа нь энэ. Өмнөх гашуун туршлага бий ч бид мартжээ. 2017 онд Эрүүгийн хуулийг УИХ хэлэлцэх үед “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-г ял завшуулахаар болгон шинээр тогтоосон байсныг авлигачдын хэрэг “хэрэгсэхгүй” болоод ирэхийн цагт л бид мэдсэн. Хэзээ хойно. Яг үүн шиг “Шүүхийн тухай хууль”-д оруулсан улс төрчдийн “уран мэх”-ийг бид дараа нь л ойлгоно. Шүүхийн тухай хуулийг ингэж яаравчилж байгаагийн цаад шалтгаан ердөө л шүүх эрх мэдлийг УИХ буюу МАН мэдэлдээ авч, хамтрагчидаа ялгүй болгох. Энэ хуулийг хэлэлцэх болоход намын дарга У.Хүрэлсүх бүлгийнхээ хуралд дээр өөрийн биеэр заларч: – “Шүүхийн тухай хуулийг бүгд дэмж. Хэн ч эсэргүүцэж янз бүрийн юм ярихгүй шүү” гэж лүндэгнэжээ. Эндээс л бүх зүйл ойлгомжтой. Хэсэг бүлэг хүмүүст зориулсан хууль байх нь ээ. Судлаад үзтэл: Шүүгчдийг томилох, тэдэнд хариуцлага тооцох эрх УИХ-д шилжинэ.

УИХ –ын олонхийг өнөөдөр МАН бүрдүүлж буй учраас бил “ялсан нам”-д очно гэж хэлж байгаа юм.Яаж гэж үү?

Одоо бол Ерөнхийлөгч томилдог “Шүүхийн Ерөнхий зөвлөл”,”Шүүхийн сахилгын хороо”-ны гишүүдийн 50 хувийг УИХ –аас томилдог болох нь. Шүүгчдийг сонгон шалгаруулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг “Шүүхийн Ерөнхий зөвлөл”-ийн 10 гишүүний 5-ыг нь УИХ, 5-ыг нь нийт шүүгчдийн хурлаас томилж, сонгоно. Хэнийг шүүгчээр томилох вэ гэдгийг УИХ-ын гишүүд “төлөөний хүн” -ээрээ дамжуулан мэддэг болно. Шүүгчдэд сахилгын хариуцлага тооцдог “Сахилгын хороо”-ны 9 гишүүний 5-ыг нь УИХ,4-ыг нь нийт шүүгчдийн хурлаас томилж сонгоно. Эндээс шүүгчийг томилох, огцруулахад УИХ том нөлөөтэй болжээ. Өнөөдөр Монголын Үндэсний Телевизийн дарга,үндэсний зөвлөлийн гишүүдийг улс төрийн томилгоогоор дамжуулан яаж намын ” үнэн “ сонин болгосон билээ. Яг түүн шиг л юм болох гэж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхи нь шүүгчдээс сонгогддог байх ёстой. Ядаж 5 гишүүн бүгд УИХ-аас биш нэг хоёр нь Ерөнхийлөгч, ЗГ-аас томилогдож яагаад болохүй гэж? Олон улсын жишгээр бол дээрхи байгууллагуудын олонхи нь нийт шүүгчдийн хурлаас харин олон нийтийн төлөөлөл хяналтын үүрэгтэй л оролцдог ажээ.Авлигажсан , ашиг сонирхолын зөрчилтэй шүүгчдэд сахилгын хариуцлага тооцох “сахилгын хороо” байгуулж байгаа нь сайн. Гэвч шүүгчдэд “сахилгын хариуцлага тооцох” энэ байгууллага нь “мэргэжлийн алдаа” –г сахилгын зөрчилтэй хольж хутгах нөхцөл бүрджээ. Тухайлбал: “Хуулийн тодорхой заалт буруу хэрэглэсэн”,“Шүүхийн шийдвэр дээр зайлшгүй үндэслэл бичээгүй” зэрэг асуудлыг “Шүүхийн сахилгын хороо” авч хэлэлцэх гэнэ. Гэтэл энэ бол шүүгчийн сахилгын бус мэргэжлийн алдаа.Дэлхий нийтээр тогтсон жишгээр Шүүгчийн гаргасан шийдвэрийн алдааг дараагийн шатны шүүх залруулдаг жамтай.

Сахилгын хорооны 10 гишүүн бүх шатны шүүгчийн гаргасан мэрэгжлийн алдааг дээрээс нь сахилга, ёс зүйн асуудлыг нь шийдэх ТӨГС ХҮМҮҮС байх нь л дээ. Улсын дээд шүүхийн шүүгчээс давсан мэдлэг боловсролтой хуульч л сахилгын хороонд орохоос өөр аргагүйд хүрнэ. Гэтэл Шүүхийн сахилгын хорооны гишүүнд тавих гол шалгуур нь Хууль зүйн өндөр мэдлэгтэй, 10-аас доошгүй жил эрх зүйчээр ажилласан, Улс төрийн намд удирдах албан тушаал хашиж байгаагүй. /Намын гишүүн байж болох нь л дээ./. Ердөө л энэ. Сахилгын хорооны гишүүнийг сонгохдоо Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс санал болгож, байнгын хороо,УИХ-аар хэлэлцүүлж томилно. Нөгөө бүх шүүгчдийн дарга нь “Ялсан намын хүн ” болох нь. “Ялсан намын хүн” буюу Шүүхийн сахилгын хорооны гишүүд алдаа гаргаж, шүүгчийг хэлмэгдүүлж, цаана нь хүмүүсийг олноор нь хохироолоо гэж бодьё . Хэн хариуцлага хүлээх вэ? Түүнийг санал болгосон байнгын хорооны түр ажлын хэсэг аль хэдийн тарж, түүнийг томилсон УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусчихсан байх болно.
Шүүхийн байгууллагаар тоглосон улс төрчдийн алдаа энэ анхных биш . Өмнөх УИХ нь “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-д шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрхийг өгснөөр юу болсон билээ. Салхитын мөнгөний ордын хэргээр эрхээ түдгэлзүүлсэн 17 шүүгчийн олонхи нь хэлмэгдсэн учраас өнөөдөр эрх нь буцаж сэргэжээ.
Шүүхийн байгууллагын ялзрал, худалдагдсан шүүгчийн алхан дор олон мянган хүний амь нас хувь заяа золиослогдох эрсдэлтэй. Гэтэл. Ашиг сонирхолын зөрчилтэй ,цус ойртсон,ёс зүйгүй, худалдагдсан, авлигач шүүгчдийг томилж олон хүнийг хохироосон Шүүхийн Ерөнхий зөвлөл ямар хариуцлага хүлээсэн бэ? Одоо хэлэлцэж байгаа хуулиар тэдэнд тооцох хариуцлага бас л алга.
Шүүхийн тухай хууль ийм байдлаар батлагдахад хамгийн их баярлах улсууд бол өнөөдөр авлигал, албан тушаал,оффшор, оюутолгойн гэрээ….зэрэг цагаан захтны хэргээр шоронд байгаа болон тэдний араас явахаар шалгагдаж байгаа албан тушаалтнууд. Тэд бол төрд өндөр албан тушаал хашиж байсан, ээлжилж эрх барьсан хоёр намын, өнөөдрийн УИХ-ын гишүүдийн өвөр түрийний найз нөхөд, хөтөлж намд оруулсан муур багш нар нь. Тэдний шүдний өвчин бол хэргийг нь шийдэх шүүгчид болсон. Тэгвэл шүүгчдийг УИХ-аар дамжуулан эрхэндээ оруулах үүд хаалга нь нээгдэж буйд тэд ханцуйн дотроо наманчилж буй. Хуулийн хулгай улам төгсөрч, албан тушаалд шунасан бүлэглэлийн гар хөл бологчид эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын нэр барин олны тархийг угааж байна. Үүний нотолгоо нь Засгийн газрын өргөн мэдүүлж, олон нийтэд танилцуулсан төслийн бараг 80 хувийг нь өөрчилчихөөд хөл хорионы үеийг ашиглан, яаралтай журмаар, харанхуй шөнөөр сууж батлах гэж байна. Мэдээж сайн заалтууд байгаа. Хамгийн их намчирхаж, эрх мэдлийг төвлөрүүлснээр шинэ хонгил үүсгэх заалтуудыг эргэж харахыг гишүүдэд уриалж байна. Оюутолгойн гэрээг Ерөнхий сайд, намын дарга С. Баяр яг ингэж олонхиор хүч түрж батлуулаад юу болсон бэ? Өнөөдөр У.Хүрэлсүх түүний арга, алдааг яг давтаж байна.

УИХ шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга баталж, олон албан тушаалтнуудын хэрэг замхрах цагт бидэнд уйлах эрх байтугай гишгэх газар үлдэх нь үү?

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.07