Хөгжмийн ертөнцөд хөгжмийн найруулагч, продюссер, хөгжмийн зохиоч Б.Аранза гэвэл андахгүй. “Говь-Алтай” аймгийн уугуул түүнийг жинхэнэ нэр нь Баатарын Бат-Эрдэнэ. “Аранзаа” гэдэг нэрийг урлагийнхан л түүнд өгчээ.

Түүний анхны уран бүтээл нь “Айзам”-ын “Чамдаа зориулъя”. Уг дууг цэрэгт байхдаа зохиосон. Олон улсын “Music quist” уралдаанд 1993 онд хоёрдугаар байрт орж байсан байна.

Түүнээс хойш Х.Болормаагийн дуулсан “Арга ч үгүй хайр уу даа”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Намрын өнгө орлоо, ээж ээ” зэрэг дуунуудыг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Цаашаа “Take of” хамтлагийн “Цасан дээр”, дуучин Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, залуу дуучин Хосбаярын “Гүйгүүл морин”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн наран” олон ангит кинонуудын хөгжим, дуунууд гээд явж өгсөн дөө. “Гурван бүдүүн” хамтлагийн дуунууд, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрламаар” гээд нэлээд дуунуудыг мэдэхгүй хүн үгүй.

Урлагийн ертөнцөөсөө насны ханиа олсон тэрээр өөрийгөө ихэд азтайд тооцдог. Түүний ханийг МУГЖ Х.Болормаа гэдэг. Хөгжмийн зохиолч, олон сайхан дууны эзэн Б.Аранзаа залуу насаа дурсаж 28 жилийн өмнөх Багшийн сургуулийн оюутан байх үеийн зургаа дэлгэж дурсамжаа хуваалцав.