Худалч хүний нээрээ олон гэж…

Хүүе, үлгэр ингэж үргэлжлэх байсан юм уу?

Жудо бөхийн ордон, Түмэн хишигтэн, Майдар сан, Хүүхдийн төлөө фонд гээд сангуудын луйвар нь одоо ч үргэлжилж байгаа. Энэ хүн өөрийгөө гол дүр болгож байгаад нэг их олон үлгэр зохиодог, түүнийгээ үргэлжлүүлээд байхаас өөр гарц байхгүй.

Тэгэхгүй бол хятадууд төмөр замаар орж ирээд эх орныг минь эзэллээ гээд Монголын нүүрсний экспортыг 10 жил гацаасан зайтай эр дээ. Баттулга монголчуудын тархийг угаагаад, Хятад гэдэг хэдэн зууны айдсаар нь чөдөрлөөд, бөглөө таглаа болоод сууж байх хооронд ноён Путин Хятадад экспортлодог нүүрсээ 30 гаруй хувь нэмсээр, одоо бараг урд хөршийнхөн маань Монголоос нүүрс авах шаардлагагүй болж байна даа. Монголчуудын оронд орос ах нар энэ зах зээлийг эзэлж байгаа, тэгэхдээ бүр манай энхрий хайрт Баттулгын тусламжтайгаар шүү дээ. Гэтэл Баттулга яав, ядруухан төсөвөөс маань их наяд шахам төгрөг суйлж, хаа байсан Оросоор дамжуулан 5000 гаруй км урт замаар нүүрс зөөнө гээд төмөр замын дэр мод хэдэн бор цэргээр маань хоолтой хоолгүй зөөлгөөд л байгаа шүү. Оффшор бүс гэдэг хөөрхөн үлгэртэй, өөрөө тэндээ 1.0 сая долларын хадгаламжтай.

Цаана нь хэдэн тэрбумыг хэдэн хүний нэр дээр байршуулсныг удахгүй монгол залуус ухаад гаргаад ирэх биз. Ам л нээвэл мөнгө оруулж ирнэ, тараана, байршуулна, ам л нээвэл мөнгөн хандив, мөнгөн сан…муу юмны амнаас мангас гэж үгтэй. Манай Ерөнхийлөгч мөнгө гэдэг мөнхийн шошготой.

Худалдаж аваад сурчихсан хүний зан уу, заль уу? Одоо бүр нөгөө алдарт оффшор бүсээс мөнгө нь ороод ирчихсэн, иргэдэд тараах тухай хууль УИХ-д өргөн барьж байна л гэх шиг. Арай л аргаа бараад аавынхаа толгойг маажаад байна уу, үгүй юу? Луйврын улс төр хийнэ гэдэг чинь энэ шүү дээ. Монголын парламент энэ үлгэрийн хуулийг нь батлахгүй, тэгэнгүүт УИХ муухай харагдана. УИХ-ыг, улсаа муухай харагдуулчихвал өөрөө гол дүр болоод тодроод гараад ирнэ гэж тооцоолоо юу? Эсвэл нөгөө хэро Баатартайгаа хамжиж хийсэн Хүүхдийн төлөө фондын луйвраа хаацайлж барьцаалах арга олоо юу.

Эсвэл, Зандашатар аа, “Х.Баттулгын хүүхдийн нэр дээр оффшор бүсэд байгаа 1.0 сая долларыг эзнийх нь гарын үсгээр оруулж ирэн тараах тухай хууль” гэдэг юм Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хугацаатайгаар батлаад өгчих өө, зүгээр.

Тэгээд бүгдээрээ алгаа тосоод хүлээж байя. Худалч хүний нээрээ олон гэж…нээрээ юү, нээрээ гэсэн харцтай хэцүү чиг хүний үр бол доо.

Эмүжин