Зохиолч: Ч. Тунгалагтуяа

Эмээгийн хоймор дахь авдар

Тээр жилийн хавар юм даг. Салхи жихүүхэн үлээж, сааралтсан тэнгэрт үүл энд тэндээ цоорчихсон, нар үе үехэн тэр цоорхойгоор шагайж дайжигнаад л.

Өдөржин өөрийгөө саатуулахаас өөр юу ч хийдэггүй жаахан надад хоол, наадгай хоёр л байвал болох нь тэр. Өлссөнөө мэдэхээрээ эмээгийндээ орох дуртай, эмээгийн амьдардаг отрын жижигхэн гэр цаанаа л нэг дулаахан дотно байдагсан. Оров уу, үгүй юу дүнсэн тамхи, гавар, барьсан талхны үнэр, шугамын радиогийн шуугиантайхан дуу, аргалийн галын элч тэврээд авах шиг угтана. Бүх тавилга нь хоорондоо зохицсон жижигхэн, үзмэрийн юм шиг хээтэй модон ор, хойморьт залрах эрээн авдар, тэр авдарны хувийг хүртэх гэж заримдаа зомгол түүж өгнө, заримдаа аяга угааж өгдөгсөн. Ажил хийсэн хүүхдийг шагнахгүй бол болохгүй ээ гэж эмээ өөрт юу байна, түүгээрээ шагнана. Энэ нь надад шагнал, хувь, хүмүүжил болдог байждээ.

Нэг өдөр надад тоглох тэнхэл байсангүй гэдэс л өвдөөд, орноосоо ч боссонгүй хэвтсээр л, гэрийнхэн бүгд албандаа явчихсан, өдөртөө хашаандаа бид хоёр гэр сахиж үлдэнэ. / урд гэрт эмээ, хойд байшинд би/ намайг асрах хүн ч байхгүй, ганцаараа уйлсаар байтал нэмээд толгой ч өвдөж орхилоо. Цонхны цаанаас хаврын саарал тэнгэр бүүр ч гунигтай ширтээд л.

Тог тог тог байз эмээ юу? эмээ ирж байна, эмээ минь ирж байна. ашгүй минь гэж. Хаалга онгойход зүүн гартай савтай тос барчихсан, баруун гартаа таягаа тулсаар дээлтэй буурал эмээ минь ороод ирлээ.

:Ишшш муу охин минь бүүр цонхийчихаж, гэхээр нь нүдэнд нулимс цийлэгнээд л, өмөлзөөд л явчих нь тэр
:Битгий уйл, уйлаад байвал толгой нь улам өвдөнө, гэж эмээ аргадана

-За, тэгвэл ч шүдээ зуугаад тэвчинэ шүү
Эмээ надад саримас жижиглэж хөшиглөөд цайгаар даруулж хөндий залгиуллаа, гартаа сүүлний тос халааж үрээд цондгор гэдэсийг минь халуу оргитол илж өгөв, тэгээд бас толгойны эм уулгалаа, дараа нь ув улаан, том алим гаргаж ирээд, харин одоо үүнийг чи идэхгүй ээ унтаж босож ирээд идээрэй, гэснээ толгойг минь илээд хайр дүүрнээр үнссэн юм. Тайвшраад л, нүд анилдаад л, унтаад өглөө. Сэрсэн чинь усан хулгана болтолоо хөлөрчихсөн, юун нөгөөх өвдөлт байхгүй шүү. Хамгийн гоё нь хажууд алим байгаа шүү дээ. Тэр алимийг идэж байхдаа эмээгийн авдар дахь зүйлсийн эд шидийг нь мэдэрч, амьдралын туршлагыг бишэрч, хүндэтгэж билээ. Хүмүүс эмээг минь хүндэлж, суралцаж, магтаад байдаг нь аргагүй л юм байна даа.

Хэдэн сарын дараа бас л хүйтэн намрын өдөр байсан санагдаж байна. даартлаа гадаа тоглоод эмээгийнд орлоо, нөгөө дулаахан байдаг гэр нэг л сэрүүхэн, эмээ хэвтэж байна.

-эмээ та зүгээр үү?

:Эмээгийх нь бие өвдөөд байна аа. Гал түлэх гэсэн хагалсан түлээ алга. Голд бүүр хүйт орчихлоо.

-Би, би, би яахуу?
:Миний охин чадах юм болов уу? Гадаа түлээ алга, харин нүүрс шигшдэг шигшүүр байгаа, цаад доор чинь жижиг сүх бий хагалаад ирж чадах уу? эхлээд миний хүү хадааснуудыг нь аваарай, хуруугаа гэмтээв
-За эмээ.

Анх удаагаа ажил дааж авсан нь тэр, эрхлэхээс өөрийг мэддэггүй надад том хариуцлага. Би чадах ёстой, чадах ёстой, эмээгээ дулаацуулах ёстой гэж анх удаагаа хамаг чадлаараа хичээж байснаа санаж байна. азаар надад тохирсон жижигхэн шигшүүр байсан, нухсаар байгаад хагалчихлаа шүү. Түлээгээ гэрт оруулж ирэхэд эмээ юу хийх хэрэгтэйг минь нэгд нэггүй зааж өглөө. Тэгээд шүдэнз зураад асаахдаа би дотроо “гал минь асаарай, гал минь асаарай” гэж шивнэж байж билээ. Хуурай модоор, бас эмээгийн заавраар түлсэн болоод ч тэрүү отрын жижигхэн гэр дорхоноо л дулаацаж, зүүн хацар минь төөнөгдөж байлаа. Данхтай цайг халаагаад эмээд аягалаад өгсөнд, ууж дулаацсан эмээ уртаар санаа алдаад намайг юугаар шагнасан гээч?

-Миний муу охин тусд ороод, овооштдээ, “эмээд нь буян заяа гэж үлдсэн бол охиндоо өгнөө. Үлдсэн л байдаг юм бол бүгдийг нь миний охин аваарай” гэлээ. Юун авдарны хувь, юун алим, ааруул. би амьдралдаа анх удаагаа магтуулсан нь тэр байх, анхны урамшил, ингэж магтуулсан би баярласандаа зүрх цээжин дотроо бөндөгнөж байлаа.
– За эмээ, гэж хэлэхдээ дотроо айж, эмээж байснаа тод санаж байна. Эмээгийнхээ буяныг би авчихаар эмээ яах юм бол? Надад арай ахадсан шагнал биш үү? Ганц удаа гал түлж өгсөний төлөө? Эмээ миний төлөө үүнээс ч илүүг л хийсэн дээ? Тэрүүхэн зуур балчирхан надад юм юм бодогдоод амжиж байна шүү.

Тэр өдрөөс хойш зөвхөн авдарны хувь горьдож, эрхэлдэг байсан бяцхан охин, эмээгийн буянаар, ерөөлөөр нь, босгогдож байснаа одоо би ойлгодог.

Хөдөлмөрч, бүтээлч, дайчин эмээгийнхээ авдарны хувиар тэжээгдэж, амны бэлэгээр нь ерөөгдөж, амьдралынх нь туршилгаар хүмүүжигдсэн юм болохоор унаж босдог хорвоод зоримог байдаг юм болов уу?

Надад өгсөн бүхнийг тань өндөрт өргөж, заасан болгоныг тань үр хойчдоо өвлүүлж өгөөд л хоймортой авдартай, хийморьтой эмээ болно охин нь. Миний сайхан буурал минь.

Ч. ТУНГАЛАГТУЯА