Төр аргаа олжээ, төрсөн биеэ л хичээе дээ…

За маргаашнаас эхлээд хөл хорионы зэрэглэлийг нэг шат бууруулах шийдвэр гарсан. Аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн байдлаар ажиллаж эхлэх нь.

Улсын онцгой комиссын энэ шийдвэртэй зэрэгцэн ЭМЯ-аас анхаарал татсан нэгэн мэдээлэл цацсан. Тэр нь хувь хүнд сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлаад 119 дугаарын утсанд хандан зөвлөгөө авахыг анхааруулж эхэлсэн явдал юм.

Өнөөдрийг хүртэл ковид-19 вирусаар өвдсөн, эмчлүүлээд эрүүл болсон хүмүүсийн дунд шинжилгээ судалгаа хийхэд 20-оос дээш насныханд энэ өвчин хөнгөн хэлбэрээр тусч байгаа бөгөөд 50,60-аас дээш насныхан хүнд болон нэн хүнд өвдөх байдал ажиглагджээ. Цаашид хэдэн зуун хүн хамарсан том голомт гарахгүй бол хэсэгчилсэн хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, хумих, тандалт хийх ажлууд үргэлжлэх ажээ. Сая Баянгол дүүрэгт гэхэд 300 хүн халдвар авсан тул 8000 өрхийн 23 мянган хүнд хоёр өдөр шинжилгээ хийж, үүнд эмч, эмнэлгийн байгууллагууд бүрэн хүчин чадлаараа ажиллажээ. Эндээс Монгол Улсын Засгийн газар иргэддээ итгэл үзүүлэх, хамтран ажиллах, ойлголцох, хамтдаа асуудлаа шийдэх замаар ковид-19 вирусын халдварыг даван туулахаар шийджээ хэмээн ойлгож байна.

Өнгөрсөн хөл хорионы хугацаанд монгол хүний энэ өвчнийг эсэргүүцэх чадвар, дасан зохицох байдал, халдварын хурд, тархац, шинж тэмдэг зэргийг 50 шахам эмч эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллан тодорхойлсон нь ийнхүү хаалгаа хагас нээх боломжийг олгов бололтой. Эмнэлэгт яаран хандахгүй байх, өөрийгөө гэртээ тусгаарлах гэсэн зөвлөгөөг иргэн бидэнд итгэж буй том итгэл гэж ойлгон хүлээж авлаа. Нөгөө талаар тусгаарлах байр, эмнэлгийн орны хүрэлцээ зэрэг бүх ачааллыг улс дангаараа үүрэх боломжгүй гэдгийг анхааруулсан анхааруулга үүний цаана байгааг санахад илүүдэхгүй.

За тэгээд хоригдож бол сурлаа, одоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаад ажил, амьдралаа амжуулах нь чухал боллоо. Хэрэв хөл хорионы шатлалыг бууруулж буй энэ хугацаанд халдвар хурдтай тархаж эхэлбэл дахиад л гэртээ цоожтой суух болох нь. Бидний сахилга бат, өөрөө өөртөө тавих шаардлагаас хамаарна гэсэн үг.

Энгийн үеийнхтэй адил хаа сайгүй тэнээд, хаашаа л бол хийсээд байж таарахгүй нь тодорхой. Ямартай ч учраа олохгүй бужигнаж, уур бухимдлаа барьж дийлэхгүй хоригдож, улсаараа төр, түмэн гэж хоёр хуваагдчихаад хорь савчиж байсан үетэй харьцуулахад төр, иргэн хоёрын үүрэг хариуцлага тодорхой боллоо. Болж байна, хаа хаанаа хичээе. Хэн хэн нь хичээгээд, халдвар огцом нэмэгдэхгүй бол хорионд үлдсэн бусад үйлчилгээгээ ч нээх боломжтой.

Уяанаасаа суларлаа гэсэн шиг ухалзаад, нус цэрээ хаяад, нэг нэгнийгээ тэвэрч шүлсдээд байвал дахиад гаднаа харуултай, хажуудаа цагдаатай амьдарна шүү дээ.

Юутай ч төр аргаа олчихжээ, төрсөн биеэ л хичээцгээе дээ. Одоо тэгээд халдваргүй улс байсан үе өнгөрсөн. Халдваргүй гэр бүлийн бүсээ л хямгадаж үлдэнэ шүү!