“ЭРДЭНЭ ЗУУ ШҮТЭЭН”

Монгол орны сайн сайхан, амар амгалангийн тухайд Их Хүрээний мэргэдийн эрх баялаг Зава Дамдин Лувсандаяан ламын айлдсан бас нэгэн зохиолыг та бүхний оюун болон зүрхний сонорт өргөн баръя.

Үүгээр бас үл мэдэх нүгүүд өнө эртний нандин шүтээнээ таньж авна гэдэгт итгэл төгс байна. Сэтгэл зүрхний угаас уншин залбирах болоод энэхүү нандин шүтээнээ улам улам хайрлан дээдэлж байхыг чин зүрхнээс хүсье.

“УМАРД ЗҮГИЙН МОНГОЛ ОРОН ДОР БУРХАН БАГШИЙН ОРЛОН СААТСАН ЭРТНИЙ НАНДИН ШҮТЭЭН ЭРДЭНЭ ЗУУ БУРХАНЫ НАМТАР ЛУГАА БАРИЛДУУЛСАН ЦАГИЙГ ТОХИНУУЛАГЧ ЗАЛБИРАЛ ЕСӨН ХҮСЛИЙГ СОЁРХОГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ ХЭМЭЭХ ОРШВОЙ”

Багш Шагжа Муни дор мөргөмү

Сайн галбыг тэргүүлэн удирдагч хамгийг айлдагч Шагжаагийн манлай
Саруул Монгол талын төрөлхийтэн бүхний дээд буяны орон дор
Сайтар бүтээсэн эглийн дүрээр саатаж залран оршихуй лугаа болсон
Сац нандин шүтээн их Эрдэнэ Зуу дор чин бишрэлээр мөргөмүй

Эрт цагт энэхүү орноо нүүдэлчин монголын язгуур төгс нүгүүд
Эрхэмлэн хот балгад барьж номт төр байгуулахуйн цаг дор
Эрдэнийн Зуу эрхэм нөхөд сэлтийг бүтээж тахин оршсон
Эхэн буяны үрийг суулгасан тань дор чин сүсгээр залбирмуй

Их Чингис богдын тэнгэрийн хөвгүүн Өгөөдэй хаан бээр
Илэрхий энэхүү орноо төр шашны хямралыг эцэслэсэн бөгөөд
Илт Зуу сүм шүтээн тэргүүтнийг сэргээн засварлаж өргөл хүндлэл бүтээв
Ид дунд үед их буяныг цогцлоосон тань дор чин сэтгэлээс залбирмуй

Эрэлхэг Халхын хаан Очирай Бату тэр бээр
Эрхэм Далай ламын зарлигчилсны ялдраа эцэг өвгөдийн шүтээнийг
Эн сууринаас ахин сэргээн дэгжээж шүтэн барилдлагын зуун үүдийг нээв
Эцэс дор энгүй буяныг чуулуулсан тань дор чин зүрхнээс залбирмуй

Ялгуусан эрхт бээр Хөх хотын газраас сайтар оршил өргөх үед
Ялгуум тэнгэрүүд ариусал угаалын рашаан буулгасан агаад
Ямарваа цагаан тутаргын хур хаялан билиг билгүүнтэн илэрхий шингэж
Ялгамжаат сүр жавхлан илтэд цог бадрангуй болсон ажээ

Ахуй Монгол орны төв хязгаар бүхүйн төрөлхийтэн нүгүүд итгэл тань дор
Ашид эргэл мөргөл тахилаар дээд буяныг хурааж хилэнцийг ариусгав
Алтан төр батжин ялгуусны дээдийн ном зүг бүхнээ өргөжин дэлгэрч
Арвистан бүгдийн түүхийн үзэгдэл дор хуурмаг үгүй гаравай

Ойрадын балмад цэргүүд балбалахыг завдсан даруй дор
Онгод сүртэй дуугаар чулуун нохой архирч сүрдүүлсэн хийгээд
Орны сахиус Гүр Гомбо жанжныг нь егүүтгэн цэргүүд усанд үйв
Онцгой шинж тэмдгийг илэрхий үзүүлсэн хэмээн нийтэд алдаршжээ

Энэтхэг Төвд Монголын алагчлал үгүй мэргэн бүтээлч нүгүүд бээр
Эрдэнийн шүтээний чанар Баруун Зуу Агчобъяа хоёр лугаа ялгаа үгүй бөгөөд
Ээнэгшин оршсон энэхүү орныг ч бас Монголын Очирт суурин болоод
Эрхт хоёрдугаар Лхас лугаа адил хэмээн магтаал сайшаалаар бишрэв

Халх дөрвөн аймгийн хан ноёд язгууртан нугууд хийгээд
Халхын аврал итгэл богд Жэвзүндамбын дараалан морилсон дүрүүд бээр
Хамгаас таныг оройн чимэг лүгээ тахиж залбирал өргөсний хүчээр
Хамаг хотол чуулганы дөрвөн аймгийн цог залийг илэрхий өндөр болгов

Ялгуусан эрхт хамгийг айлдагч бээр энэхүү орноо ажрах үест
Ялдам мутраар нигуурийн хорголжин алт болон мэлмийг тодруулан соёрхоод
Ядамлан түмэн зул өргөж шашин амьтан дор туслахуйн ерөөл бясалгал сэлтийг
Яамлан зэрэгчлэхүй соёрхлыг агуу ихээр таалан бүтээсэн болой

Тэр мэтчилэн замбуутивийн умард зүгийн төрөлхийтэн нүгүүдийн
Тэмдэгт номт төрийн гайхамшигт сайн чуулган бүгдийн үндэс хэмээн
Тэнсэшгүй итгэлт тань дор магадлалыг олсны бишрэл сүжгээр
Тэнхээ чинээгээр үнэн үгсийг хайлан дуудмуй хоромхон зуур таалах ажаамуу

Эдүгээ цаг дор дэлхийн улс орон үйлийн хязгаар алдуурч
Эзэрхэг алагдахуун дайсан нугууд лам ноёдын суудалд бардамнана
Эрхэм номт явдлын хууль ёсон хулгайч дээрэмчдийн гар дор алдагдаж
Эрдэнэт сав шим бүхэн ахин анахуйн амьдын там лугаа юүлэгдэв

Элий халаг муу үйлийн эрхээр энэхүү цөвүүн цаг дор
Эрх үгүй төрсөн хувь заяа дорой төрөлхийтэн бидэн бээр
Элдэв хилэнцэт үйлийн үр боловсрохуйн аюумшиг бүхнээс
Эгшин түргэн аврахтун Эрдэнэ Зуу нандин шүтээн минь

Хийд сүмд сууваас хямралдан тэмцэлдэж гутамшигт буг босно
Хот балгад лугаа тэнэвээс доройтол бүгдийн дунд унана
Хортой тустай юуг ч үйлдсэн гэмт лүгээ болох элдэв зэтгэрийн аюулаас
Хотол бүгдийг авран соёрх Эрдэнэ зуу нандин шүтээн минь

Ялангуяа энэрэл хайр их нинжин сэтгэлээ машид нээгтүн
Ялгуусны шашныг нэр ч үгүй устгахыг зорих буруу ерөөлт
Ялархаг тэрсүүдийн өмөг цэргүүд зүг бүхнээс хөдлөн буй
Ямархан аюул бүгдээс аврагтун Эрдэнэ Зуу нандин шүтээн минь

Товчилбаас Монгол орны чандманийг баригч хүйсэн лүгээ
Тортог үгүй арван буяны ёс цааз ба номлол бүтээлийн дээдийн номын
Тогтоол сайн журам өнө удаан оршихуйн аврал айлтгал юүгээн
Тогтуун дээд Эрдэнэ Зуу таниас бус өөр хэн дор залбирах буй

Нийтийн үйлийн лай боловсрохуйн хүчин машид хүчир боловч
Нийтгэл сүсгийн залбирал талбисны шүтэн барилдлага хуурмаг үгүйн тул
Нийтлэг ялгуусны таалал энэрэл санаж сэтгэш үгүйн учраа
Нийгэм дор үнэний хүчийг илтэд үзүүлэхүйн цаг лугаа буужээ

Тиймийн тухайд гурван нууцын адистидийн мянган гэрлээр
Тийрэн зэтгэрийн рид хувилгааны балар харанхуй бүгдийг арилгаад
Тийн ариун төр шашны цэцэглигийг үргэлж ямагт дэлгэрүүлснээр
Тив дэлхийг амар амгалан аз жаргалын цог лугаа зохиохуйг залбирмуй

Бидэн бээр энэ цагаас өдөр шөнийн зургаан цаг бүхнээ
Билгүүн дээд лам гурван эрдэнэ дор аврал одуулах бөгөөд
Билигт судар тантрын мөрийн зэргийг бүрэн төгс анхааран авснаар
Бие энэхүү чөлөө учралыг утга төгөлдөр үйлдэхийг адистидлэн соёрх

Алин нэгэн бээр үйл ерөөлийн барилдлагаар улс орноо
Аху гурван хүрдний ёс тасарсныг залгуулсны үүдээр
Алимад шашин амьтан дор тус эрдмийг аль хэрээр бүтээхүйн тухай дор
Алд бие минь өнө удаан амьдран байхуйг адистидлэн соёрх

Энэ насны эцэс дор ч бас Багш Чадагчийн Эрхт та
Энэрэлт нигуураан илт толилуулж зарлигаар амьсгал соёрхоод
Энэхэн оньсыг тасалж зуурдын элдэв аюулаас гэтэлгэн
Эгнэгт ариун дээд орноо төрөхүйг адистидлэн соёрх

Төрөл тутам дор дээд хөлгөний буяны садан лам багшаар
Төөрөгдөл үгүй даган бариулж зарлигийн рашааныг эдлэхүй болоод
Төгс боловсролоор өөрийг гэтэлгэж бусдын тусын хязгаар хүрснээр
Төгөлдөр дээд бурханы хутгийг үтэр түргэн олох болтугай

Хүчин төгс сахиулсан Гүр Гомбо хийгээд Жамсран тэргүүтэн бээр
Хүй энэхүү орны төр шашны харшлахуй саад тотгор бүхэн хийгээд
Хүйс тэмтрэх буруу үзэлт тэрсүүдийн дайн дажны аюул бүгдээс
Хүрдлэн сахин халхлахуйн үйлсийг умартал үгүй зохиогтун

Чухаг дээд гурван эрдэнийн таалал энэрэл хийгээд
Чухал номын шүтэн барилдлагын адистидийн хүчээр
Чуулсан бидний ямар мэтчилэн эгээрэн ерөөсний утга бүхэн
Чууртал үгүй сүндэрлэн бүтэхүйн өлзий хутаг орших болтугай

хэмээн умард зүгийн Монгол орон дор Бурхан Багшийн орлон саатсан эртний нандин шүтээн Эрдэнэ Зуу бурханы намтар лугаа барилдуулсан цагийг тохинуулагч залбирал Есөн хүслийг соёрхогч чандмань эрдэнэ хэмээх энэ болбаас Монгол орны төв хязгаар бүхнээ тэрсүүдийн дайны хямрал хөдлөх бөгөөд засаг төр юүлэхүйн элдэв муу үг дэлгэрсэн нэгэн цаг дор Бурхан багш илэрхий лүгээ ялгал үгүй Их Зуу түүн дор үл няцахуйн сүсгийг олсон тойн дүрст Ашү Гоха буюу Адуун Хоолойт нэрт бээр хатуу хүчтэй энэлэн залбирч үсэг дор буулгасан авай.
Үүгээр ч бас шашин амьтан бүхэн дор өнө удаанаар агуу их тус болох болтугай!
Өлзий хутаг орших болтугай!

2021 оны 1-р сарын 10-нд Адуун Хоолой Зава Дамдины алдрыг баригч

Лувсандаржаа буюу Дугаржавын Осгонбаяр хэмээх бээр дуун хөрвүүлэв.