Өнөөдөр шар хадны эцсээс 100 айл хүртэл автобусанд сууж зорчив. Зорчигчдын 10 хүн тутмын 3 нь жолоочид  /орох хаалганы дэргэд сууж зориуд ажиглав/  500 төгрөг бэлнээр өгөөд зорчиж байна. Гэвч үүнд иргэдийг болон жолоочийг буруутгахад хэцүү юм. Учир нь шар хадны эцсийн буудалд U money буюу автобусны карт цэнэглэдэг  хаяг хадсан хоёр ч ТҮЦ байсан боловч НОК-ийн шийдвэрийн дагуу хаалттай.

Тэнд  онцгой байдлын дэглэм сахиулж байгаа Цагдаагийн албан хаагчаас автобусны картаа хаана цэнэглүүлж болох эсэхийг асуухад Офицерүүдийн ордонд нээлттэй байгаа гэв. Ийм нөхцөлд зайлшгүй автобусаар зорчих иргэд бэлэн мөнгө жолоочид төлөхөөс өөр замгүй. Жолооч  ч гэсэн өвлийн хүйтэнд өчнөөн удаан автобус хүлээсэн зорчигчийг карт уншуулаагүй бэлэн мөнгөөр үйлчлэхгүй гэсэн шалтгаанаар автобусандаа суулгахгүй байх хэцүү.

Үнэндээ ийм нөхцөлийг НОК өөрөө гаргасан. ТҮЦ-ийг  ковид тархах эрсдэлтэй гэж үзэж хаахаасаа өмнө автобусны карт цэнэглэдэг  цэгүүдээ автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүрүүд рүү шилжүүлэх байсан. Гэвч НОК  үүнийг анзаараагүйгээр үл барам, хотын орлогч дарга нь Ж.Сандагсүрэн мэдэгдэл хийхдээ  тэртэй тэргүй алдагдалд орсоор байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд “иргэд автобусаар зорчихдоо зөвхөн карт уншуулна, бэлэн мөнгөөр зорчиж болохгүй, бэлэн мөнгө төлсний оронд үнэгүй зорч” гэж уриалаад сууж байх жишээний. Зүй нь бол иргэд картаа цэнэглэх боломжтой нөхцөлийг бүрдүүлчихсэн бол ингэж жолоочид бэлэн мөнгө төлөөд явахгүй тодорхой.

Нэгэнт ийм орон гаран, ороо бусгаа, ойлгомжгүй шийдвэрийн тухай дурдсаных УОК, НОК-ийн нийтэд ойлгомжгүй, эргэж буцсан,  заримдаа “ковидын халдварыг тархах нөхцөлийг бүрдүүлсэн санаатай” ч гэмээр шийдвэрүүдийн тухай дурьдая.

Тухайлбал:

  • Хүнс хүргэлтийн үйлчилгээг шөнөөр тээвэрлэсэн /хүнсний хомсдолд орох нөхцөл үүссэний улмаас үүнийгээ цуцалсан/
  • Нийтийн тээврийн үйлчилгээг явуулж, автобусанд хүмүүс олноор сууж, эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлсэн /хэдийгээр автобусанд суудал хоорондын зай барих дэглэм үйлчлэх нэртэй ч автобус хүлээсэн, даарч хөрсөн иргэд үүнийг үл тоон зорчиж буй/
  • Барааны худалдаа үйлчилгээг бүрэн зогсоосон /Хүнс худалдахаар ковид тархахгүй, бараа худалдахаар ковид халдах магадлалтай гэх логикгүй шийдвэр одоо ч үргэлжилсээр/
  • Номын сан номын худалдаа, музей зэргийг нээгээгүй хэрнээ түүнээс илүү халдвар тархах эрсдэлтэй ресторан, цайны газрыг нээх шийдвэр гаргасан.
  • Дэлхий дахинд ковидын хөл хорионы үед хүргэлтийн үйлчилгээг дэмжиж байхад манай НОК хот даяар хүргэлтийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн хорьсон. Зүй нь бол халдвар хамгаалалтын дэглэмийг нарийн баримталж ажиллах хүргэлтийн үйлчилгээ нь хөл хорионы үед хүмүүс гэрээсээ гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хамгийн оновчтой үйлдэл  /гэсэн ч хүмүүс хулгайгаар хүргэлт хийсээр байгаа, байх ч болно гэдгийг буруу тооцсон/
  • Зайлшгүй зөвшөөрөгдөх автомашинд  QR код олгох асуудлыг бөөн хэл амтай хэрэгжүүлсэн боловч өглөө орой, шөнөдөө  автомашинууд QR кодгүй явахыг зөвшөөрсөн, мөн QR код нь холбогдох албан тушаалтнуудын зүгээс иргэдээс авилга авах, мөнгө олох  арга зам болох шахсан.
  • НОК автобусаар иргэдийг зорчихыг зөвшөөрсөн атал УОК нь бид ийм шийдвэр гаргаагүй хэмээн өөр хоорондоо ямар ч уялдаа холбоогүй дараалсан шийдвэр гарч хөл хориог ойлгомжгүй байдалд хүргэсэн.
  • Нийслэлийн ЗДТГ-аас албан ёсоор гаргасан мэдэгдэлдээ өнгөрсөн хоёр сар гаруй хугацааны бүх нийтийн хөл хориог  “албан бус тодорхой нэршлээр явж ирсэн хөл хорио” хэмээн ойлгомжгүй нэрлэж,  иргэд сайн дураараа өөрөө өөрийгөө  гэртээ хорьж, өөртөө хөл хорио тогтоосон мэтээр мэдэгдсэн.
  • Цонхоор иргэдэд үйлчилдэг ТҮЦ-ийг эрсдэлтэй бүлэгт оруулан ажиллахыг хориглосон шийдвэр гаргасан.
  • Цайны газар, ресторонд 15 минутын хугацаанд  багтааж үйлчлүүлэх журам сахих шийдвэр гаргасан

 

Товчхондоо УОК, НОК ийм логик уялдаа холбоогүй эргэж буцсан шийдвэрүүдийг гаргаж, ковидын тархалтыг иргэд, худалдааны байгууллагаас бус эрүүл мэндийн байгууллагаасаа хариуцлага алдаж, эрсдэлийг үүсгэж, ковидын халдварыг тараасан.

Мөн УОК, НОК иргэдийн хөл хорьсон хугацаанд ковидын халдвар тархахтай тэмцэхээс илүүтэй иргэдийн дундах сошиал харж, түүнтэй тэмцдэг хэлбэрт орсон гэмээр үйлдлүүдийг удаа дараа гаргасан.

Сая гаруй хүн амтай метрополис хотын дарга ийм хүнд нөхцөлд өөрөө санаачлалыг гартаа аван иргэдийн төлөө өдөр шөнө үл алгасан ажиллах ёстой атал “ИЧЭЭНДЭЭ ОРСОН МЭТ ТАГ АЛГА БОЛЖ”, олон нийтээс зугтааж, орлогч даргаа бүх зүйлд өмнө барих болсон. Хотын орлогч Ж.Сандагсүрэн гэх нөхөр Хотын дарга мэтээр аашилж, Хотын бүх шийдвэрийг олон нийтэд танилцуулдаг, сэтгүүлчдийн асуусан асуултанд бүрэн тайлбар өгч чаддаггүй бөөрөнхийлөөд өнгөрдөг жишиг тогтоод сар гаруй хугацаа өнгөрлөө.

Магадгүй ковидын тархалт буураад, эрсдэлгүй нөхцөл үүсээд ирвэл “Гай нь та нар үүр, гавьяаг нь би үүрье” гэгчийн үлгэрээр энэ бүхнийг гардан хийсэн баатар мэтээр Хотын дарга Д.Сумяъяабазар ярьж, хэлж гэнэтхэн олны өмнө гараад  ирэх магадлалтай.

Т.Энхриймаа