Төрийн албаны зөвлөл эрх мэдэлтнүүдийн талд үйлчилдэг болсон уу

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга  2017 онд батлагдан 2019 оны 1  сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Энэ хуулийн тухайд төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн,  төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангасан харьцангуй сайн хууль болсон гэж судлаачид үздэг хэдий ч түүнийг хэрэгжүүлэх төрийн албаны төв байгууллагын үйл ажиллагаа сул, зөвхөн дарга нарт үйлчилсэн гэж хэлж болохуйц хэмжээнд байсаар байгаа нь харамсалтай.

Ганцхан жишээ дурьдахад нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ажлаа аваад төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үл хайхран олон арван төрийн албан хаагчдыг дур мэдэж халж, хууль бус гэмээр томилгоонуудыг удаа дараалан хийсээр байтал өнөөдрийг хүртэл төрийн албаны төв байгууллага тодруулбал Төрийн албаны зөвлөлийн зүгээс асуудлыг хөндөхгүй, ярихгүй,  харсан x хараагүй мэт хандаж байгаа нь Төрийн албаны зөвлөлийнхөн Хотын захиргаатай тохиролцолцоонд хүрэн, эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл үүссэн гэж хардахад хүргэж байна. Учир нь Хотын захиргаанаас харьяа газар хэлстийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд бараг дууссан бол өдгөө энгийн төрийн албан хаагчид, мэргэжилнүүдийг ажлаа өгөхийг, ажлаасаа халагдахыг шаардаж эхэлжээ.

Зүй нь бол Төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулахын зэрэгцээгээр тухайн  зөрчлийг арилгах үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага тухайн албан тушаалтны хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульд заасан байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байсаар байна.

Тиймээс Хуульгүй улсад ажиллаж амьдарч байгаа мэт дураар авирлаж, хотын захиргаанаас гаргаж байгаа албан тушаалын томилгоотой холбоотой хууль зөрчсөн гэмээр шийдвэрүүдийг  “хаацайлж байж болзошгүй”  нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шаардлагатай гэвэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, төрийн албан хаагчдаа хамгаалж өмгөөлж чаддаг,  төрийн албаны тухай хуулийг хэлбэрэлтгүй мөрдүүлэн ажилладаг залуу, чадварлаг боловсон хүчнээр солих шаардлагатай байгааг олон зуун төрийн албан хаагчид хүсэж байна.

Т.Энхриймаа