Гоо сайхны мэс заслыг таашаадаг, дахин шүтдэг хэсэг нь байхад эсэргүүцэж, эхээс төрсөн биеэ өөрчилж мэс заслын орон дээрээс мэндэлсэн нэгэн болох гэлээ хэмээн шүүмжлэх нь ч бий.

Гэхдээ ийн яриа нь ихэнхдээ бүсгүйчүүдэд хамааралтай мэт санагдавч сүүлийн үед хүүхнүүдээс илүүтэй гоо сайхандаа анхаарч нүд, шүд, хамар, уруул гээд өөрчилж болох л зүйл байвал өөрчилж, өөртөө итгэлтэй болохыг хүсдэг эрчүүдийн марафон хэдийн эхлээд байна, цаана чинь.

Үгүй яахав, урлаг соёлын хэдийгээ ойлгож болох ч улстөрч ах нар уруул амандаа цилкон шахуулж, давхраа хийлгэж, хөмсөг шивүүлэх нь сонирхолтой бас содон ч юм шиг. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Монгол улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбатын хамрын өөрчлөлт олон ч хүмүүсийг гайхашруулсан.

Ямарсайндаа л “Оожоогийн хамар” сэдвээр цахим хэрэглэгчид хэсэгтээ л сенсааци дэгдээсэн. Олон жил харж дассан, “балин”, “ховдгийн гай” зэргээр “дотночилж” нэрлэдэг “хуучин хамраа” П.Очирбат гуайгаас нэхэх нь холгүй үймэлдсэн гэмээр ч юм уу.

Гэхдээ 80 насны босго шүргэж яваа анхны ерөнхийлөгч маань гоё сайхан харагдах бус гагцхүү эрүүл мэндийн шалтгаанаар ийн өөрчлөлт хийлгэсэн гэнэ лээ. Тиймээс Оожоогийнхоо шинэ хамарт дасцгаа нөхдүүд ээ…