Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.18/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-аас холбогдох лабораториудад /2021.01.17/ нийт 9115 сорьцод шинжилгээ хийж, шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан 9 тохиолдлын:

Дөрөв нь 25-р хорооллын Монос эмийн сан /өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал/
Гурав нь БЗД-ийн ТҮК-ийн ажилтан
Хоёр нь ажиглалтад байсан хүнээс илэрчээ.
“ХАЛДВАР АВСНАА ХАНИАДТАЙ АНДУУРЧ, ХҮНДРҮҮЛЭЭД ОЛОН ЭМНЭЛГЭЭР ЯВСАН ТОХИОЛДОЛ ГАРЛАА”

ХӨСҮТ-ИЙН Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Батлагдсан тохиолдлууд нь 25 дугаар эмийн сангийн “Монос” эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан хоёр хүн, БЗД-ийн ТҮК-ийн 3 ажилтан, ажиглалтад байсан хоёр хүнээс тус тус илэрлээ. Мөн Улсын төв нэгдүгээр эмнэлэгт covid-19-ийн халдвар аваад, хүндэрсэн хүн ирсэн бөгөөд ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Тухайн иргэн Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Сонгдо, нэгдүгээр эмнэлгүүдээр үйлчлүүлсэн учраас ойрын хавьтлуудыг тусгаарласан байна. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд нэгдүгээр хавьтлын 1194, хоёрдугаар хавьтлын 2666 хүн ажиглалтад байна. “Монос” эмийн санд өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотой 17 хүнийг тусгаарласан. Нийт 67 хүн ажиглалт тусгаарлалтад байна.

Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээнд 5083 хүнд шинжилгээ хийхэд 17 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь ойрын хавьтал болсон.

Өнгөрсөн бямба гаригийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд covid-19 халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр covid-19 илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах эрсдэл маш өндөр. Энэ үед эмнэлгүүдээр үйлчлүүлэх нь халдвар тархах өндөр. Ханиад томуутай андуурч өвчлөх нь маш их байна. Сүүлийн гурав, дөрвөн тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн үед эмнэлэгт хандаж байгаа тул эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгийн тусламж утсаар дуудаж авахыг зөвлөе. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.

Улсын хэмжээнд covid-19 халдварын нийт 1525 тохиолдол, үүнээс дотоодын 1025, батлагдсан тохиолдлуудаас 967 нь эдгэжээ.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 548 хүн эмчлүүлж байна.Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5 хүн эмчлүүлж байгаа аж.

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ЭМНЭЛЭГТ ХАЛДВАР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ”

НЭМҮТ-ын багийнхан тандалт судалгааны зорилгоор 24 цагт 238 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй байна. Энэхүү шинжилгээнд эрсдэлт бүлгийн буюу такси, банк, эмийн сан зэрэг салбарт ажилладаг хүмүүс хамрагджээ. Мөн 11 мянга гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагдсан ба бүгд сөрөг гарчээ.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Халдварын өвчлөл өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ эмнэлэг, эмийн сан зэрэг олон хүн нэг дор цугларах газруудад covid-19 халдвар голомтлон гарах тохиолдол ажиглагдаж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө 20-49 насныхан covid-19 халдварт өртөж байна. Ялангуяа бүх насанд эмэгтэйчүүдийн өвчлөл зонхилж байгаа нь нийгмийн харилцаанд илүү идэвхтэй ордог болохыг харуулж байна. Өвчлөл 60-аас дээш насныханд илүү хүндэрч байна. Ялангуяа эрчүүд өвчлөл илүү хүндэрч байгаа нь эрүүл мэндээ анхаардаггүйг харуулж байна. Сүүлийн үед өвчлөл хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол гарч байгаа тул иргэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед утсаар зөвлөгөө авч, covid-19 туссан байж болзошгүй хэмээн өөрийгөө сэжиглэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын 2400 ажилтан халдварын голомтыг цомхотгохоор ажиллаж байна. Өнөөдрөөс эхлэн манай улсын хувьд таван байгууллага үйл ажиллагаагаа нээж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сахиж, онцгой сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Ялангуяа Улаанбаатарт халдварын дэгдэлт идэвхтэй байгаа энэ үед үйлчилгээний байгууллага, эмнэлэгт халдвар гарах хандлага ажиглагдаж байна. Тиймээс аж ахуй нэгжүүд ажилчдын цагийг богиносгох, 1/3 ажиллуулах хэрэгтэй. Үйлчилгээний байгууллагууд агааржуулалтыг 2 цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх нь чухал. Иргэдийн хувьд амны хаалтаа зөв зүүх хэрэгтэй. Хамар эрүүгээ таглана. Гадаад орчинд амны хаалтыг хаяж байна.Амны хаалтыг ил задгай хаях нь сovid-19 халдвар тархах эрсдэл байж болзошгүй. Учир нь ТҮК-ийн ажилтнууд халдварт өртөж өвдлөө. Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол эргээд хүмүүс өвчлөх эрсдэлтэй.