Чемодантай хувцаснаас өөр зүйлгүй, амьдралаа хамтдаа босгох мөрөөдөлтэй залуу, халуухан явсан хосууд 10, 20 жилийн дараа тус тусын амьдралаа хөөж буй тохиолдол нийгэмд цөөнгүй л байдаг. Мөнгөгүй, мэдлэггүй, нэр алдаргүй байсан эрчүүд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, алдар хүндэд хүрсэн хойноо эхнэрээ солих үзэгдэл олон болжээ.

Урлаг спорт, улс, төр бизнесийн салбарын эрчүүд гэр бүлээсээ салж, хоёр дахь амьдралаа зохиож буй тохиолдол олон байна. Хоёр эхнэртэй эрчүүд ёстой сонин биш болсон энэ цаг үед хэдэн гэргийтэйг нь тоолоход бараг бэрх болжээ.
Спортынхноос гэхэд, Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд Монголоос цахиур хагалсан эрхэм, Монгол Улсын үндэсний бөхийн аварга хожмоо парламентад суугаа их хурлын гишүүн гээд эхнэрээ сольсон эрчүүд цөөнгүй бий.

Улс төр, бизнесийн салбарынхнаас бол тоймоо алдсан даа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хэд хэдэн эрхэм эхнэрээ сольж, залуу бүсгүйчүүдээр цайгаа чануулж буй. Одоогийн парламентад ч эхнэрээ сольж, залуужуулсан эрхмүүд хэд хэд бий. Олон нийтэд мэдэгдэж буй нь цөөн болохоос мэдэгдэж өнгөрөөгүй олон олон жишээ бий биз ээ.

Нэр алдраа бодоод ч тэрүү манай бүсгүйчүүд төдийлөн олон нийтэд зарлаад байдаггүй. Нөгөөтэйгүүр эрчүүд эхнэртээ орон сууц, автомашин зэргийгөгөөд “амыг нь таглаж” орхидог гэх.

Олны танил эрхмүүд ямар учраас юунаас болж өрх тусгаарлаж байгаа нь таах аргагүй. Олон шалтгаан нөхцөл байгаа байх. Гэхдээ амжилтад хүрсэн, алдар хүндтэй болсон эрхмүүд ард түмэнд илүү үлгэр жишээ байх ёстой. Авьяас чадвар, ухаан мэдлэгээрээ хүндлэгдсэн эрхмүүдээс залуус үлгэр дуурайлал авна. Гэвч амьдралаа хамтдаа босгож, амжилтад хамтдаа хүрсэн хойноо эхнэрээ орхидог эрчүүдээс юу суралцах вэ. Баяжихаараа, нэр алдарт хүрсэн хойноо эхнэрээ сольдог нь Монгол эрчүүдийн ноён нуруу муудсаных уу, мэдэх юм алга.

Анхны эхнэрээсээ баталгаагаа салгаагүй Ерөнхийлөгч Х.Баттулга

Хүний амьдрал гэдэг тааж хэлэхийн аргагүй сонин. Санаанд оромгүй учрал, хагацал, санаанд оромгүй гэнэтийн эргэлт, сонголт хүний амьдралын үүх түүхийг бүрдүүлж, энэхүү үүссэн нөхцөл байдлын дүнд ирээдүйн хувь заяа цаашид хөвөрдөг гэлтэй. Хэн ч олон эхнэр, нөхөр сольж, хүний өөрийн нийлсэн хүүхдүүдтэй болохыг хүсэхгүй. Аль болох л нэг л хүнийг нандигнан хайрлаж, нэг л эцэг эхээс төрсөн халуун бүлийг ертөнцөд үлдээхийг хүсдэг ч хувь заяа, төөрөг тавилан гэдэг тэр бүр санаснаар болдоггүй бололтой.
Тийм л сонин амьдрал, намтар түүхийг туулж яваа эрхмүүдийн нэг бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Нэгэн цагт хар шилний цаана нуугдаж, хөшигний ард амьдарч явсан энэ ноёнтны амьдрал, намтар улс төрд орж ирснээр олонд дэлгэгдсэн. Түүний анхны хайрын эзэн бол зураач З.Уянга. Тэдний хайрыг З.Уянгын аав ээж эсэргүүцснээр төгсгөл болсон гэдэг. Түүний дараа Дүрслэх урлагийн дунд сургуулийн сурагч байхдаа өөрөөсөө эгчмэд Ц.Энхтуяа хэмээх нүд хөмсөг болсон бүсгүйтэй хөтлөлцөж гүйсээр анхны амьдралаа зохиож байсан түүхтэй. Нэг сургуулийн мэргэжил, сонирхол нэгт хосууд чухам энэ мэргэжлийнхээ ачаар анхны бизнесээ эхлүүлж, улмаар спортсмэний ногоон паспортынхаа буянаар приставка тэргүүтэн цахилгаан бараа зөөж хөрөнгө мөнгөнийхөө эх суурийг тавьж байсан 90-ээд оны бужигнаантай он жилүүдийг тэд дурсах дуртай.

Угийн жентельмэн энэ эр анхны гэргийгээсээ салахаас өөр аргагүй байдалд орсон учраас арга буюу өрх тусгаарласан гэдэг. Бизнес нь ид гялалзаж асан 90-ээд оны дунд үед тэдний дунд поп хатагтай Б.Сарантуяа орж ирсэнээр тэдний хамтын амьдралд хар сүүдэр тусгаж орхисон түүхтэй. Алдарт Линкольны хэрэг энэ үед ид мандаж, үүнийг нь хэвлэлүүд гал дээр тос нэмэх адил дэвэргэж орхисон дээр нь эрх танхи өссөн, өөрийнхөөрөө, зоргоороо Ц.Энхтуяа хатагтайн хүлээцгүй, тэвчээргүй зан нэмэгдэж хосуудыг салаа замаар явахаар өөр гарцгүй байдал оруулсан.
Анхны гэргийгээсээ албан ёсны гэрлэлтээ цуцлуулаагүй Ерөнхийлөгч Женко Зам тээврийн сайд байхдаа ч албан ёсны арга хэмжээн дээр Ц.Энхтуяа хатагтайг дагуулж явдаг байв. Анхны гэргий нь тэр цагаас хойш амьдрал зохиогоогүй бол эрхэм сайд чамгүй олон жил ганц бие явсны эцэст Анжелика хэмээх местный орос бүсгүй дэр нэгтгэсэн. Тэд 4 хүүхэдтэй.

10 эхнэртэй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Швейцари улсад оффшорын асуудлаараа шалгагдаж, хэвлэлийн “од” болоод буй Б.Дэлгэрсайхан гишүүн 2020 оны сонгуулиар Дорноговь аймгаас улиран сонгогдоод байгаа билээ.
Түүнийг “Цэнхэр үст” Цэрэнгийн хэлж байгаагаар С.Баярцогт авилгын мөнгө өгөхөд зуучилсан уу эсвэл өөрийнх нь хэлж байгаагаар зүгээр л 8,2 сая доллар зээлчихсэн гэдэг нь үнэн үү гэдэг дээр Монголчууд маргаад байгаа юм.
Би оффшор дансаараа 1 тэрбум доллар оруулаад гаргасан гэж хэвлэлд хээв нэг хэлж суугаа энэ бэл бэнчинтэй эрхэм “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд одоо “Дорнын говь” компаний захирал юм.
Хувийн амьдралын хувьд түүнийг маш олон эхнэр сольсон гэдэг. Түүний экс эхнэрүүдийн нэг нь бидний “Aqua Fitness”-ээр нь мэдэх “Усны гүнж” хэмээх Ука юм. Ука анхны амьдралаа Хар Тас хамтлагийн Марктай эхлүүлсэн боловч амьдрал нь удаан үргэлжлээгүй. Ингээд өөрөөс 20 насаар ах Б.Дэлгэрсайхантай нэг гэрт оржээ. Ука түүний 7 дахь эхнэр байсан гэнэ. Хосууд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон боловч бас л амьдрал нь удаан үргэлжлээгүй салсан байдаг. Ука бүсгүй одоо Зайсангийн аманд баячуудын амьдардаг Сөүл Группын барьсан тансаг орон сууцанд амьдардаг аж.

Харин Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд 10 дахь эхнэрээрээ сонгосон дуучин бүсгүйд “АПУ”-гийн Батсайханаас 3 тэрбумаар байшин авч өгсөн тухай нэгэн сайтад дурьджээ.

Хамтлагийнхаа хоёр бүсгүйг аав болгосон “Буян”-гийн Б.Жаргалсайхан

Цагтаа баян хүн л гэвэл Буянгийн Жаргалсайхан гэж боддог байв. Харин одоо энэ эрхэм олон эхнэртэйгээрээ толгой цохих болжээ. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур бидний дунд амьдарч яваа нь бидний бас нэг бахархал. Хар залуугаасаа зах зээлийн шуурган дунд жийнс оёж, ганзага үүрч баялгаа бүтээсэн ноён Б.Жаргалсайхан шударга нь ч дэндсэн нэгэн.

Ямартаа л сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хүний өөрийн 7 хүүхэд байна гэж байхав. Ингэхэд энэ эрхмийн олны өмнө ил гарсан ганц л хүү бий. Тэр нь анхны хүү Илья. Орос ээжтэй, аавтайгаа усны дусал мэт адилхан хүү нэлээн хэдэн жилийн өмнө аавынхаа зохион байгуулсан нэгэн шоуны үеэр хэвлэлийнхний овоо хараанд өртөж, олонд танигдаж байлаа.
Бу.Жаргалсайхан ноёнтны дараагийн гэргий нь Энхтогтох хэмээх эрхэмсэг бүсгүй байдаг. “Буян кашмер”-таа дизайнер хийдэг, нэг ёсондоо энэ компанийн ноён нуруу нь болсон бүсгүй. Дараагийн гэргий Сэлэнгэ хэмээх бүсгүй. Стивен Сигалыг Монголд ирэхэд анх олны өмнө ил гарсан. Албан ёсны энэ 2 гэргийгээсээ гадна тэрээр “Эволюшн” хамтлагийнхаа 2 дуучин бүсгүйг ээж болгосон гэдгийг ойр дотныхон нь ам булаалддаг. Урлагт, цэвэр авьяасанд хөл алддаг ноён Б.Жаргалсайхан чухам энэ л сэтгэлээрээ 2 дуучин бүсгүйтэй учир ургуулсан гэдэг. Товчхондоо ноён Б.Жаргалсайхан 5 эхнэртэйгээрээ эл жагсаалтын эхний байрын төлөө өрсөлдөж байгаа юм.

Топ Д.Пүрэвсүрэнгийн нөхөр “Ханаду” Н.Ганбаяр

Алтны магнатын экс гэргий, топ модель Д.Пүрэвсүрэнтэй романс ургуулсанаар олны танил болсон. “Занаду майнз” уул уурхайн компанийн захирал, нууц хөрөнгөтөн эр эрхмийн анхны гэргийг Уянга гэдэг. Бизнесийн гялалзсан ухаан, сүйхээ самбаагаас өөр юмгүй эгэл жирийн залуу байхад нь танилцаж, гэр бүл болсон Уянга бүсгүй энэ нөхрийн их баялаг, бизнесийн замыг засаж өгсөн буянтан гэдэг. Багш мэргэжилтэй, боловсрол өндөртэй, нөлөө бүхий Уянга бүсгүйн эцэг, эх нь охин, хүргэн хоёроо Австрали руу сургахаар явуулсан бөгөөд тэнд очихдоо сольж өмсөх костюмгүй шахуу байсан залуу ноён Ганбаяр найзуудаасаа өмсөх хувцас гуйн байж Австралийн уул уурхайн томчуудтай уулзаж, тэдний анхаарлыг амжилттайгаар Монгол руу хандуулж чадсан адтай, аатай бизнесмэн эр. Ингэж их бизнесийнхээ эхлэлийг амжилттай тавьсан тэрээр ёстой бор зүрхээрээ баялаг бүттээсэн шинэ цагийн үлгэр жишээ залуусын нэг.
Харамсалтай нь мөнгө хөрөнгөтэй болсноор ааш араншингаа өөрчилж эхнэр хоёр хүүхдээ орхиж, хувийн амьдралдаа өөрчлөлт оруулсан нь өдгөө Итали эрийн цайг чанаж буй UBS music хөгжмийн хөтөлбөрийн хөтлөгч асан Халиунаатай 2 дахь амьдрал зохиосон гэдэг.

Энэ сонголтонд Халиунаа бүсгүй ч нэлээн их санаачлагтай оролцсон гэдэг. Тэд долоон жил хамт амьдарсны эцэст ноён Ганбаяр гэр бүлийн найз гэгддэг Цэгцбаатарынхаа найз бүсгүйг 3 дахь гэргийгээ сонгосон нь топ модель Пүүжээ билээ. Халиунаа бүсгүйгээс хүүхэд тэврээгүйг хэлэх үү, топ модель Пүүжээ их л хурдан хөл хүнд болсон нь 2 дахь амьдралдаа хөл тавьж буй бүсгүйчүүдийн хувьд тэр бүр хийдэг алхам биш.

Магадгүй түрүүчийн гэргий нь хүүхэд төрүүлээгүй учраас Пүүжээ ийн яарсан биз хэмээн ойр дотныхон нь ярих. Юутай ч топ модель бүсгүй уул уурхайн залуу магнатад 3 дахь хүүхдийнх нь зулайг үнэрлүүлсэн.

Хүүхний эрлэг “Алтны магнат” Ц.Мянганбаяр

Энэ ноёнтныг үнэндээ мэдэхгүй, танихгүй хүн гэж Монголд байхгүй. Алтны магнат, хүүхний тэнгэртэй хоёроороо алдаршсан эр. “Монгол газар”-ын боссын анхны гэргийг манай сэтгүүл анхлан уншигчдад танилцуулж байв. Б.Болор хэмээх багш мэргэжилтэй, боловсон, оворгүй бүсгүй МУИС-д тэнхимийн эрхлэгч хийдэг. Социализмын үеийн урдаа барих төрийн албан хаагчдын нэг байсан Б.Болор бүсгүй чухам залуу халуун насандаа хүүхдүүдийнхээ аав, анхны хайртайгаа учирч, хоёр хүүхдийн ижий, аав бололцож байсан гэдэг. Хосууд салсан цагаас хойш хатагтай Б.Болор олон жил ганц бие амьдарч байгаад “Зэт”-ийн Мэндбаяр хэмээх бизнесмэн эрхэмтэй хамтын амьдрал зохиосон бол Ц.Мянганбаяр ноёнтны тухайд ёстой цэцэг ургамал дамжих эрвээхэй адил адал явдалт амьдралыг туулж яваа гэж болно.
Алтны магнат эрхмийн дараагийг гэргий нь Б.Азжаргал хэмээх үзэсгэлэн төгс бүсгүй. Нэрт сэтгүүлч, “Ижийдээ захидал бичээрэй” бэстсэллер номын зохиолч С.Батмөнхийн эрх танхил ганц охин энэ хатагтай ноён Ц.Мянганбаярт М.Төгсжаргал буюу Тиффани нэртэй хөөрхөн охин төрүүлж өгчээ. Б.Азжаргал хатагтай цэцэрлэг ажиллуулдаг бөгөөд SBN телевизийн захирал Бат-Оргилтой хамтран амьдарч байгаа гэх.

Харин ноён Ц.Мянганбаярын дараагийн сонголт нь топ модель Д.Пүрэвсүрэн. Цуутай амрагуудын түүх эндээс эхэлсэн гэж болно. Алтны магнатад М.Мөнхжин хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн Пүүжээ охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдаж, М.Хайрмаа хэмээх бас нэгэн охин энэ ертөнцөд мэндэлжээ. Дурлалын гурвалжин эл цуутай намтрыг уншигчид хангалттай сайн мэдэх учраас олныг нуршихыг үл хүслээ.

Ийн 4 гэргийн нүүр үзсэн ноён Ц.Мянганбаяртай нэр холбогдож, хүүхдийг нь төрүүлсэн гэх эмэгтэйчүүд энэ дөрвөөр зогсохгүй. Хорь гаруй насны нэг хүү нь өдгөө Америкт амьдардаг бөгөөд аавтайгаа канондсон мэт адилхан гэдэг. Пүүжээ, Ариунцэцэг хоёрын дунд Анагаахад сурдаг бас нэг бүсгүйн сураг дуулдаж, хүүхдийг нь төрүүлсэн гэдэг. Уг дуулиан тасраагүй байтал Ариунцэцэгээс топ модель Пүрэвдулам Ц.Мянганбаяртай амьдарч дахин нэг хүүхдийг нь гаргасан явдал тэртээх зургаан жилийн өмнө болсон. Түүнээс хойш хэдэн эхнэрийн, хэдэн хүүхэд төрснийг хэн ч таашгүй.

Хадмуудаасаа хөгшин “Баян” Базраа

Монгол улсын газрын хэвлийг сэндийчиж, газрын баялгийг ухдаг, олон залуусын алтан амиар хөлжсөн Баян тодотголтой Базараа гэгч тэрээр хацар гоо охид, бүсгүйчүүдийн ч амь, амьдралаар тоглодог нэгэн. Өөрөөр хэлбэл “Баян” юм чинь хүүхнүүдийг оймс шигээ солилгүй яах вэ гэсэн дүрэм тэдэн шиг хүмүүст үйлчилдэг биз.

Тэрээр анхны амьдралаа Нараа гэх бүсгүйтэй эхлүүлж, нуган үрийн зулай үнэрлэсэн ч дуучин Д.Оюунтүлхүүртэй сүр дулиантай хурим хийж дэнж хотойтол найрласан. Гэсэн ч тэдний хамтын амьдрал удаагүй юм. Дараагаар 20 нас ч хүрээгүй Б.Оюу гэх бүсгүйг 3 дахь эхнэрээ болгосон байдаг. Мөн л үрийн зулай үнэрлүүлээд төд удалгүй Д.Ариунцэцэг гэх мисс бүсгүйг дараагийн эхнэрээ болгосон. Уг хайрын романсыг тэвчиж чадаагүй Б.Оюу амиа хүртэл хорлох оролдлого хийж байсан дуулиан хэвлэлээр цацагдаад амжсан.
Мисс Д.Ариунцэцэгтэй эхлүүлсэн амьдрал нь бас л удсангүй. Бараг хүүхэд шигээ шахуу Б.Аззаяа гэх дуучин охинтой нэг гэрт орж, 5 дахь эхнэрээ болгоод буй. Ингээд тоочвол хувийн амьдрал нь цэгцрээгүй, янаг амрагийн явдал нь зах замбараагүй энэ эр ”өөдгүй” эрийн жишээ болжээ.
Р.Базараа өнөөдрийг хүртэл салсан эхнэр, хүүхдүүддээ нэхүүлэн байж тэтгэмжээ арай гэж өгдөг тухай зарим эх сурвалж хэлээд буй.

Баян Базар дуучин Аззаяа нар хэнз охиныхоо төрсөн өдрийг нүсэр тэмдэглэн Богд уулын энгэрт байрлах зөвхөн гишүүддээ болон томчуулд л үйлчилдэг гэх Highland park-д олон зочид урьж найр цэнгүүн хийж бэл бэнчингээ харуулжээ.
Хүссэн үедээ гадаад дотоодоор аялж зугаалан дээд зэрэглэлийн буудал амралтуудаар хэсэж цагийг өнгөрөөдөг болсон дуучин Аззаяагийн аав ээж нар төрийн албан хаагчид гэж байгаа. Хүргэн хүүгийн хүчийг үзүүлэн өөрөөсөө олон насаар дүү хадмууддаа амьдрах байр, унах унаа тэргээс нь гадна хандгайтын аманд зуслан хүртэл бэлдэж өөрийн биеэр тохижилтийг нь хийж өгөн ая тал засан үйлчилдэг сайн хүргэн хэмээн Р.Базарааг ойр тойрныхондоо магтаж амнаасаа авдаггүй юм билээ.

Одоо түүний 6 дахь эхнэрийн ч сураг дуулдана. Охин үрээ сайн ханьтай дэр нэгтгэж, элэг бүтэн амьдруулах хүсэл эцэг эхчүүдэд байдаг. Гэтэл нялх балчир, цэцэг цэврүү шиг охиноо “Баян” нэрт энэ мэт эрчүүдэд “тоглуулчихаад” өгсөн хэдэн мөнгөөр нь аархаж, онгирдог ч эцэг эхчүүд байна.

Экс эхнэрүүддээ ээлтэй “МАК”-ын хунтайж Н.Номтойбаяр

Шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр 5.5 жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр эхнэрүүд гэхээсээ илүү холбогдож явсан эмэгтэйчүүдийнхээ тоогоор толгой цохидог.

Тэрээр 17-хон насандаа аав ээждээ ачын зулай үнэрлүүлсэн бөгөөд том хүү нь хэдийнээ 24 нас хүрчээ.

Н.Номтойбаярын албан ёсны эхнэрийг Мандухай гэдэг. Тэд 2012 онд хуримлаж байв. “Хар хорин” захын боссын хүү Цэгцбаатарын эхнэр явсан гэх Мандухай өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын ууган хүү Жавхлантай амьдарч байгаа гэх.
Н.Номтойбаяр Мандухайтай гэрлэхээс өмнө холбогдсон бүсгүйчүүдийн тоо алсарсан. Тухайлбал, ханилан суугаагүй ч хамтран амьдарч байсан нь том хүүгийн ээж Туяа, оюутан цагийн хайр Уянга нар. Н.Номтойбаяр Мандухайтай суухаас өмнө Пүрэвдулам, Ариунцэцэг нартай нэг гэрт орж байсан түүх бий. Мандухай бүсгүй Н.Номтойбаярт ихэр охид төрүүлж өгсөн ч, тэрээр охидоо нялх байхад нь “Киви” хамтлагийн дуучин Агийтай хөтлөлцөн гүйснээр амьдралдаа цэг тавьсан.

Агийг “МАК”-ын гэр бүл хүлээн зөвшөөрөөгүй тул дөрвөн жил амрагласны эцэст нэг л өдөр Н.Номтойбаяр хаясан. Тэрээр өөрөөсөөс даруй 10 гаруй насаар дүү, том хүүгээсээ хоёрхон насны эгч бүсгүйтэй ханилсан нь бага эхнэр Э.Номин.
Найруулагч Б.Тамиртай үерхэж байгаагаа зарлаж байсан загвар өмсөгч Э.Номинг Н.Номтойбаяртай гэрээгээр гэрлэсэн гэх яриа байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ.

Гурван эхнэрийн дунд эргэлддэг А.Сүхбат аварга

Анхны амьдралаа Далай даян дархан аварга Х.Баянмөнх аваргын охин Баясгалантай эхлүүлж байсан А.Сүхбат чамгүй хүүхэмсэг эр гэдгээ өнгөрсөн жилүүдэд батлан харуулсан. Албан ёсны гурван эхнэрээс гадна мэр сэр залуу охидтой нэр холбогддог тэрээр өдгөө хоёр дахь эхнэр гэгддэг Содоотойгоо хамт амьдрах болсон.
Эхнэрүүд нь хоорондоо эгч дүүс шиг эв найрамдалтай байдаг тэдний отгон эхнэр нь Н.Гарамханд. 16 насны зөрүүтэй бага эхнэр Н.Гарамханд бүсгүй аваргад хоёр хүү төрүүлж өгсөн.

Харин хоёр дахь эхнэр Содоог МУГЖ, дуучин Т.Ариунаагийн тогооч байсан өдгөө “RicoS Restaurant & Lounge”-ийн эзэн гэдгээр нь хүмүүс анддаггүй юм билээ. Тэрээр А.Сүхбатад гурван хүүхэд төрүүлж өгсөн. Амаржаад удаагүй учир А.Сүхбат аварга өдгөө Содоотойгоо цуг амьдарч байгаа гэнэ лээ.

Харин анхны эхнэр Баясгалан нь эрхэм аваргад мөн л хоёр хүү төрүүлж өгчээ. Тэрээр даян аваргатай суухаасаа өмнө залуу насны алдаа амсаж, хүүтэй болсон. Бөхчүүдийн гэргий нар дундаас хамгийн үлгэр жишээ, үнэн журамтай бүсгүй гэдгээр гайхагддаг Баясгалан хатагтай Содоо, Гарамханд нартай дотно харилцаатай гэсэн. Нөхрийнх нь хүүхдүүдийг төрүүлэх бүрт томоохон бэлэг сэлттэй эргэж очдог хадам ээжээс нь дутахгүй “сайн эгч” гэсэн.
Олон ч жил наадмын ногоон асарт хонон өнжих шахам байж, эр нөхрийнхөө их амжилтын захыг мушгиж суусан бүсгүй Баясгалан дээрх хоёр бүсгүйн нэрийг олны өмнө ил гарахаас өмнөхөн “Миний нөхрийн генийг авч үлдэх гэсэн бүсгүйчүүдийг буруутгахгүй” хэмээн цочир мэдэгдэл хийсэн нь олны гайхлыг бараад авсан. Тэрхүү ген авч үлдэх гээд байгаа бүсгүйчүүд нь Содоо, Гарамханд хэмээх бүсгүй. Аварга ч тайлбар тавьсангүй.

Том хүүтэйгээ нас ойролцоо бүсгүйг сонгосон АЖ С.Сүхбаатар

Агуу их Сэвжидийн хүү, Төрийн шагналт бүжиг дэглээч энэ эрхэм бас л нэг билэг танхай авьяастан. Амьдрал нь ч авьяас шигээ өвөрмөц байж иржээ. Гол энэ бүхнээ хэзээ ч, хаана нууж байсангүй. Түүний анхны гэргий Цэрэннадмид хэмээх бүсгүй байдаг. “Хар сарнай”-н Амарааг төрүүлсэн ээж. Анхны гэргийгээсээ салчихаад өөр нэг бүсгүйтэй хамтран амьдарч, хөөрхөн охин тэвэрчихээд байхдаа ноён С.Сүхбаатар 2 дахь амьдралдаа мөн л цэг тавьсан байдаг.
Агуу их авьяасын дэнчин гэмээр ааширхуу, ойлгоход бэрх энэ эрхмийн насны хань нь өдгөө цайг нь чанаж, галыг нь манаж буй Г.Оюунжаргал хэмээх бүжигчин бүсгүй. Эр нөхрийнхөө шавь байхдаа бие биедээ сэтгэл алдарсан хосууд дундаасаа нэг хүүтэй. Жижиг Амараа хэмээх ахтайгаа бүх талаараа адилхан залуу эр сүүл үед “Хатарыш” хэмээх буриад ардын дуу дуулж, од болж байсан.

Г.Оюунжаргал хатагтайн тухайд мөн л нийтлэг бус дүр. Эргэлдсэн алаг нүдтэй энэ бүсгүй эрс шулуухан, ил цагаахан үгтэй. Үүгээрээ ч Төрийн соёрхолттой ийм олон жил ижилдэн дасаж амьдарч байгаа биз ээ. Тэрээр 20 настай байхдаа 38 настай С.Сүхбаатар ноёнтонтой учирч, амьдрал зохиожээ. Цэл залуухан бүжигчин бүсгүйг авч суухдаа бүжиг дэглээч эрхэм хэдийнэ хоёр амьдрал үзчихсэн байв.

Цэрэннадмид гуайгаас салаад дахин бүсгүйтэй хамтран амьдарч байхдаа охинтой болсон бөгөөд тэр гэргий нь харин охиныхоо аавыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг гэдэг. Харин Цэрэннадмид гуай, хатагтай Г.Оюунжаргал хоёрын тухайд тун ч эв найртай, усны дусал мэт адилхан хөвгүүдээрээ холбогдсоных хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож эгч дүүс шиг ойр дотно байдаг гэдэг.

Зураг шиг бүсгүйг эхнэрээ болгосон “Чингисхаан”-ны Жаргалсайхан

Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон нь Д.Жаргалсайхан гавьяат. Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай. Хувьдаа алтны уурхайтай гэгддэг хөрөнгөлөг дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг.

Гурван гэргийтэй бус 3 удаа гэрлэсэн гэхээр бас өөр л дөө.
Түүний анхны гэргий Туул хэмээх бүсгүй. Ууган хүү, “Сүнс”-ийн Ж.Замилангийнх нь ээж энэ бүсгүй буржгар Жагаа ноёнтонтой ёстой залуу халуун насны гэнэн хайр дурлалаар учирч, амьдрал хувь заяагаа холбож явсан гэдэг. Яльгүй зүйлээс болж хосууд 2 тийш болсон бөгөөд үүний дараа гавьяат дуучин эрхэм Туяа хэмээх бүсгүйтэй амьдралаа холбов. Эрдэнэт нутгаас гаралтай энэ бүсгүй Д.Жаргалсайхан ноёнтонд Тэнгэр хэмээх хүү төрүүлж өгсөн боловч хосууд мөн л хоёр тийш болсон нь Туяа бүсгүйн буруу байсан гэдэг. Ийн 2 гэрлээд бүтэлгүйтсэн рок попын амьд домог маань сүүлд Мөнхзул хэмээх ёстой зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүйтэй учирч, нэг насны жаргалтай амьдралтайгаа золгож, хөөрхөн, хүү охин хоёртой болсон билээ.

Бага эхнэр нь “Зоос” банкинд теллер хийж байхад нь танилцаж, сэтгэл алдарсан Жагаа гавьяат залуу гэргийгээ өөрийнх болгож авах гэж бүсгүйн эцэг, эхийн эсэргүүцэлтэй нэлээн нүүр тулж байж, цаана нь гарсан гэдэг.