Эмээд хэн ч лоозон хэвлэж өгөөгүй. Хувилж тараасан лоозонгоос олдоогүй. Хатуу цаасан дээр бичсэн үг нь өнөөдрийн үнэний хэмжүүр байлаа.

Сүхбаатарын талбайд цугласан жагсагч залуус улстөрчид, тэдний гар хөл бологсдод үнэхээр таагүй хандаж, шоолон ширтэж байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь энэ бол хэд гурван шоучныг эс тооцвол бухимдсан олны чин сэтгэлийн цуглаан байлаа. Хүний эрхийн төлөөх эв нэгдэл гэж хэлж болно. Амаржсан ээжид ХӨСҮТ, “Өргөө” амаржих газрынхан хүнлэг бус хандсаны төлөө Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч байна.

Энэ залуус хагас жил ч хүрэхгүй хугацаанд хүнд үед зүтгэж байлаа. Уг нь тэд амаржсан эмэгтэйг зөөгөөгүй, зөөж ХӨСҮТ-д аваачих шийдвэр ч гаргаагүй. “Өргөө” амаржих газар тусгаарлах гурван өрөөтэй байтал ХӨСҮТ-ийн Нямхүү өчигдөрхөн төрсөн эмэгтэйг эмнэлэгтээ авчрахаар яарч, эмч нь биелүүлсэн. Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцорлоо ч дунд шатныхны энэ эрүүл бус хандлага, ялзарсан байдал, бугшсан буруу тогтолцоо хэвээрээ үлдэнэ. Ковид-19 вирустай тэмцэх явцад стратегийн алдаа гаргаагүй, хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэгд Монгол Улс багтаж буйг, удахгүй бүх нийтийн дархлаажуулалт эхлэнэ гэдгийг Я.Содбаатар хэлж байна.

Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын олон жилийн бугшсан идээ бээртэй тэмцэн, эхнээсээ үр дүнд хүрч байснаа ч бас мэдээллээ. Эрүүл мэндийн салбарын 57 мянган эмч ажилтныг алдаа гаргасан хэдхэн хүнээс болж бүү буруутгаарай гэж энэ залуу бас хүслээ. Энэ үнэн. Тэд үнэн ярьж байна. Эмээгийн барьсан лоозон үнэн байсантай адил энэ хоёр залуу ч үнэнийг хэллээ. Эндээс юу харагдаж байна вэ? Алдаа гаргасан ажилтнууд ажлаа хийгээд үлдсэн, цаашид хэн нэг нь алдаа гаргавал дараагийн сайд бас явах уу? Гүйцэтгэлийн алдааг бодлогын шатаа ганхуулж байж шийдэх нь тэгээд зөв үү? Энэ хүмүүс огцорсноор халдвар нам зогсох уу? Үгүй. Өнөөдөр иргэд, ялангуяа залуус хүний эрхийн төлөө сэтгэл, итгэлээрээ нэгдэн цугласан нь ойрд хараагүй, мэдрээгүй эрүүл хандлага байлаа.

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр тэр хэдэн нам төлөөлсөн хүмүүс илүүдлээ, ингэлээ гээд ч залуус маань улстөржиж ханарсангүй. Нэг л асуулт байна. Энэ тайван жагсаалын үр дүн нь хэн нэгний огцролт байв уу, эрүүл мэндийн салбарын шинэчлэл өөрчлөлтийн төлөөх ширүүхэн эхлэл байв уу? Хоёр хүн огцроод асуудал хэвээрээ үлдэх нь бидний хүссэн үр дүн мөн үү? “Өргөө” амаржих газрын дарга Баясгалан, ХӨСҮТ-ийн Нямхүү нар бугшсан идээ бээрээ үнэртүүлсээр л үлдэх үү?

Хулганаа алах гээд байшингаа шатаах нь хүний эрхийг хэр хангаж буй юм бол?

Эмүжин