Зайгаа барьсан залуус талбайг дүүргэсэн байв. Соёлтой, мэдлэгтэй, үгээ хэлж чаддаг, технологитой, масктай, итгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй, эрх чөлөөтэй шинэ үе! Хог хаягдаггүй, очерт нэгнийхээ урдуур орох гэж дайрдаггүй цоо шинэ үе!

Ойрын үед Монголд ёс зүйн үлгэр дуурайллаараа өмнөх үеүүдээсээ тасарсан ийм сайхан залуус ийм олноороо гарч ирж байгаагүй. Бидний үеийнхнийг ичтэл соёлтой байж чаддаг, шударга шаардлага тавьдаг шинэ үе төрсөн байна!

Тэдний аяндаа цугларсан жагсаал цуглаан өтгөрч өрнөсөөр үдэш болоход хоёр сайдын огцрох мэдэгдлээр дуусав.

Үнэндээ би жагсаалын талаар үдээс хойш л мэдсэн юм. Нэгдүгээр сарын 20-ны тэр өдөр Английн The Economist сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцлагатай байв. Онлайн ярилцлага дууссаны дараа фейсбүүкт ортол залуус дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг нярай хүүхдийн хамтаар нимгэн хувцастай нь эмнэлгээс авч гарсныг эсэргүүцэн жагсаж байгаа тухай харлаа. Ковидын үеийн хүний эрхийн зөрчил, бизнест учирч буй хүндрэлийн талаар дөнгөж ярьж дууссаныг ч хэлэх үү жагсаал дээр очиж нөхцөл байдлыг харахаар талбайг зорин очсон маань тэр.

Тэнд байгаа залуусын биеэ авч явах байдал, соёлыг хараад үнэхээр бахархлаа. Ардчилсан хувьсгалаас хойш манай оронд сүүлийн 30 жилд хүний эрхийн төлөө тэмцсэн цөөхөн жагсаалын нэг! Хамгийн гол нь хүний эрхийн шаардлагыг тавьж буй жагсагчид цэл залуу, Тэр нь цэл залуу 30 аас доош настангууд харагдаж байсан. Тэдний тавьсан ганц шаардлага нь “УОК Огцор” байв.

Гэтэл маргааш нь залуусын шаардсан сайдууд дээр нэмээд Засгийн газрын танхим бүхлээрээ өөрсдийгөө огцруулж орхив. Засаг огцрох мөрөөрөө огцрохгүй чин сэтгэлээсээ итгэл үнэмшлээрээ жагссан залуусыг мөнгө авсан мэт ярьж, бас үймээн самуун дэгдээх гэж байсан мэт зүйлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэлдээ дурдлаа. Бүр Ерөнхийлөгчийг ч шийтгэх юм болоод явчихлаа.

Томчуудын тооцоо, хоорондын далд тэмцэл нь ил болж, тэр тэмцэлдээ залуусын жагсаалыг ашиглах нь залуусын халуун сэтгэл дээр ус хийсэн явдал болж эхэллээ. Залуусыг сүүлдээ бараг хөлсөөр жагссан болгож ярьж байсан тэр бүх жүжгийн тоглогч бүр түмний нүдэн дээр ямар муухай “буруу дүрд” хувирч байв аа!

Хариуцлага хүлээж байгаа гэх Ерөнхий сайдыгаа бүх УИХ-ын гишүүд ээлж дараалан магтах хэмээх нэг пялдага үзэгдэл. Эрх баригчийгаа үлдээч дээ гэж гуйх сөрөг хүчний гуйлт хэмээх нэг арчаагүй үзэгдэл. Магтаж магтаж байснаа намын даргыгаа огцруулья гэдэг кнопыг эрх баригчид бүгдээрээ нэгэн дуугаар дарах гэдэг нэг ичих нүүргүй үзэгдэл. Шүүмжилмэр аядаж байснаа эрх баригчийг огцруулахгүй гэж сөрөг намынхан нь кноп дарах хэмээх бас нэг утгагүй үзэгдэл болоод өнгөрлөө.

Бүгд шал худлаа дүрд хувирцгаасан энэ жүжгийн дараа залуусын дунд хэн нь хэнд худалдагдсан хэн нь мөнгө авсан, хэн нь хэний тоглоомд орчихов гэдэг хамгийн муухай яриа хов живийг нийгмийн сүлжээгээр шидлэн нэгийг нь нөгөөгөөр нь доромжлуулах бусармаг аргууд үргэлжлэв. Үүний үр дүнд сайхан залуусын урам зориг, нинжин сэтгэлийг нь хиртүүлэв.

Үгүй дээ, улс төрчид минь. Та нарын тоглоом болж залуус жагсаагүй. Угаасаа арчаагүй засгийн газар иргэдээ гадаадаас татаж чадаагүйгийнхээ төлөө, 22-ын товчоон дээр хүний амь нас алдсаны төлөө, эхний өвчний тохиолдлыг өөрийн бүрэн хяналтанд байдаг тусгаарлах байрнаасаа алдсаныхаа төлөө угаасаа огцрох ёстой байсан.

Эдийн засаг сүйрч унаж байхад мөнгө барьдаг хэдхэн сайдын тойрогт гулгитал нь мөнгө хуваарилж суусан Их Хурал, эмнэлэгүүдийн ор дэр яйрч унаж байхад усан оргилуурт тендер зарлаж суусан Нийслэл, ард түмэн нь хоолгүй хонож байхад Таван толгойн ногдол ашгийг нь замаас нь авч төмөр зам руу зарчихаад хэзээ хаанаас яаж ирэх нь мэдэгдэхгүй, байгаа байхгүй нь баталгаагүй оффшорын мөнгө, өс хонзон хоёроос өөр өгөх юмгүй сууж байсан Ерөнхийлөгч гээд бүгд ажлаа хямралын үед хийж чадаагүй ээ. Бүгд муу авцгаасаан.

Засгийн Газрын тэргүүний хувьд УОК-оо нэг ч удаа өөрөө удирдаагүй, нэг ч удаа Ковидтой холбоотой хэвлэлийн бага хурал дээр орж ирээгүй, нэг ч удаа пост ч болов оруулж сэтгэл санааны дэм үзүүлээгүй шүү дээ, У.Хүрэлсүх.

Уучлаарай, одоо ч ходоод нь хоосон байгаа хүмүүсийн уур бухимдал их байгаа. Харин энэ уур бухимдлыг соёлтой хэрнээ зөв илэрхийлж гаргаж ирсэн залуусыгаа мохоох гэж яасан их яарна вэ. Яагаад энд тэндгүй залуусын хийсэн үйлдлийг өөрсдийнхөө муухай жишиг рүү хольж хутгана вэ!

Залуус минь та нарт бас нэг юм хэлье. Битгий мохоорой. Битгий өөрчлөгдөөрэй. Битгий мөлийгөөрэй. Та нарыг өөр хэв загвар руу оруулах гэсэн оролдлогод битгий авт. Яг л өөрөөрөө байгаарай. Та нар шиг ийм сайхан залуус Монголд ойрд ингэж олуулаа гарч ирж байгаагүй юм шүү. Залуус нь зөв чиг рүүгээ ингэж олноороо эргэж байж нийгэм зөв чиг рүүгээ эргэдэг. Өөрсөддөө байгаа ирээдүйг заах луужинг битгий алд. Тэр луужин нь та нарын дотоод дахь хүний эрхийн мэдрэмж! Та нарын дотор үнэхээрийн гайхалтай ёс зүйтэй луужин байгааг өмнөх үеийнхэн чинь, аав ээж, ах эгч нар чинь тэр өдөржин хараад Монгол даяараа бахархаж байна!

Та нарт хэн нэгэн хямраах үг хэлж, сэтгэлийг чинь булингартуулж байгаа бол уужим амьсгаа аваад юу хийснээ эргэж дахин хар. Та нар сүүлийн гучин жил ахин дахин үгүйлэгдэж байсан “хүний эрхийн төлөөх” жагсаалыг хийж чадлаа. Та нар онцгой байдлын дэглэмийг дээд зэргээр хүндэтгэж зайгаа барьж жагслаа. Та нар эрүүл ахуйн онц мэдлэгтэй байлаа, бүгдээрээ масктай байсан. Та нар жагссан учраас УОК-ыг хариуцсан сайд огцорсон. Жагсаал тань анхны тавьсан зорилгодоо 100% хүрсэн!

Та нар бас үнэхээр олуулаа байлаа. Буруу зүйлийн эсрэг жагсах, тэмцэх эрх, эрх чөлөөгөө битгий үүгээр хаагаарай, залуус минь. Насан туршдаа эрх чөлөөтэй байж, муу муухай зүйл удаан бугшсан улс орноо өөрсдийнхөө ёс зүйн хурц луужингаар чиглүүлж алхам алхмаар өөрчлөлцөөрэй.

Ц.Оюунгэрэл

2021-01-22