“Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын ардчиллын ирээдүй”  цуврал №1

Ч.Сайханбилэг үе үе гарч ирж өөрийгөө өмгөөлдөг. Тэрбээр гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас эх орондоо ирэхгүй байгаа гэх. Үнэн худлыг нь мэдэхгүй ч хилийн чанадаас цахим орчингоор дамжуулан өөрийгөө өмөөрсөөр өнөөдрийг хүрлээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр “Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын ардчиллын ирээдүй”  хэмээх бүхэл бүтэн “судалгааны бүтээл” гаргаж бүх бурууг нэр бүх улс төрчид тохож байгаа аж.

Уг “Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын ардчиллын ирээдүй”  гэх нийтлэлийг цувралаар хүргэж байна.

ЕРӨНХИЙ ТОЙМ

Монгол Улс салаа замын уулзварт ирээд байна. Дэлхийн хамгийн ярвигтай бүс нутгийн нэгт орших энэхүү улсыг “Ардчиллын Баянбүрд” хэмээн нэрийдэж ирсэн нь өөрчлөгдөж байна уу даа гэсэн зовнил хэдийнэ төрж эхэлжээ. Монголын шүүхийн байгууллагын хараат бус байдалд учирч буй заналхийллүүд, прокурор, авилгын эсрэг байгууллагуудыг улс төрийн зорилгоо биелүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах болсон нь тус улсын дотоодод болон олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд сэрэмжлүүлгийн харанга дэлдэж байна.

Анх 1992 онд ардчиллын замаар эргэлт буцалтгүй замнаснаас хойш Монгол Улс гайхам өөрчлөлт, хөгжил дэвшлийн эзэн болсны нэгэн гол түлхүүр нь уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлт байсан бөгөөд үүнийг даган эдийн засгийн хурдтай өсөлт, урт хугацааны хөгжил цэцэглэл ирнэ гэсэн итгэл дүүрэн хүлээлт бий болсон юм. Энэ зууны эхэнд зэс-алтны аварга том бүлэг
орд болох Оюу Толгойг (ОТ) олж нээсэн нь энэхүү ер бусын өөрчлөлтийн гол цөм байв.

Австралийн уул уурхайн компани болох Рио Тинтогийн эзэмшлийн компани дийлэнх хувийг нь эзэмшиж, Монгол Улсын Засгийн Газар үлдсэн хувийг нь эзэмшдэг Оюу толгойн уурхай ч мөн улс төрийн халуун сэдвүүдийн нэг болжээ. Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газар 2009 онд ОТ ордын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу орж ирсэн хөрөнгө оруулалт Монгол Улсыг 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгаар нэрлэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Гэсэн хэдий ч тун удалгүй Рио Тинто болон Монголын Засгийн газрын хооронд асуудал үүсч улмаар 2013 он гэхэд ОТ ордын нөөцийн 80 орчим хувийг агуулсан далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох хүртэл даамжирсан байв. Үүний улмаас Монголын эдийн засагт хүнд цохилт ирж, 2014 он гэхэд Улсын Их Хурал (УИХ)-аас ОТ-той холбоотой энэхүү гацааг тайлахыг даалгасан тогтоол баталжээ.

Монголын эдийн засагт ОТ-н үзүүлэх нөлөөг дутуу үнэлж болохгүй юм. Тухайлбал, 2010-2019 онуудад Рио Тинто дангаараа Монгол Улсад 10.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2.6 тэрбум ам.долларын татвар төлжээ.

Ийнхүү 2014 оны 11 дүгээр сард Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоход (2014-2016) гүн хямралд орсон эдийн засаг мөн эдийн засгийг дахин сэргээж, Оюу толгойн асуудлын гацааг шийдвэрлэх УИХ-ын даалгавар хүлээж байв. Сөрөг хүчин болох МАН, МАХН-тай хамтран байгуулсан, Ч.Сайханбилэгээр удирдуулсан Их Эвслийн Засгийн газар Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурж, санхүүжилтын багцыг баталгаажуулав.

Ч.Сайханбилэгийн бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн тэрбээр Засгийн газрын танхимтайгаа зөвшилцсөний дагуу Эрдэнэтийн зэс, молибдений уурхай дахь ОХУ-ын эзэмшил болох Зөвлөлтийн үеэс 2021 оны 2 дугаар сар угшилтай 49 хувийг Оросын тал Монголын хувийн хэвшлийн нэгэн корпорацид худалдахыг зөвшөөрөх хамтын шийдвэрийг гаргажээ. Оросын
талаас идэвхийлэн санаачилсны дагуу уг хэлэлцээрийг улс төрийн амаргүй цаг үед, цагт хавчигдан шуурхайлан эцэслэсэн аж. УИХ-ын Нэгдсэн чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд 2016 оны 6 дугаар сард болох парламентын сонгуульдаа эрчимтэй бэлдэж байсан тухайн үед Засгийн газрын гишүүд энэ асуудлыг санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд Засгийн газар УИХ-тай зөвшилцөх бүхий л хүчин чармайлтыг гаргасан юм. Төрийн эрхийг 2016 онд авсан МАН-ын Засгийн газар энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн зарлаж, Эрдэнэт үйлдвэрийг бүхэлд нь төрийн өмчид албадан авсан бөгөөд ийнхүү төрийн өмчид авсан нь хууль бус хэмээн дүгнэсэн Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож буй. Монголын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн нэгэн томоохон агентлагаас Эрдэнэттэй холбоотой энэхүү цуврал үйл явдлыг “бизнес дэх улс төрийн оролцооны сонгодог жишээ” хэмээн нэрлэсэн нь бий.

Самбо бөхийн аварга, чинээлэг  бизнесмэнээс популист улс төрч болон хувирсан Халтмаагийн Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт саналын дөнгөж 50.6 гаруйхан хувиар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Bloomberg Businessweek сэтгүүлд Х.Баттулгыг популист нэгэн гэж дүгнээд, “Путинд тал засагч” гэжээ. Хэдий Ардчилсан нам (АН)-аас нэр
дэвшин сонгогдсон ч тэрбээр МАН-тай ойр дотно хамтран ажиллаж ирсэн бөгөөд МАН-ын дарга бөгөөд одоогийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн дэмжлэгт дулдуйдаж ирсэн.

Х.Баттулга төрийн тэргүүнээр ажиллаж буй энэ цаг үед “Ардчиллын Баянбүрд” гэх Монгол Улсын байр суурь улам бүр ганхаж буй нь санаа зовоосон асуудал болоод байна. Шүүх, прокурорын албан тушаалтнууд, улмаар Авлигатай тэмцэх газрын удирдлагыг огцруулах эрхийг Ерөнхийлөгчид шилжүүлэхээр Х.Баттулгын санаачилж, 2019 онд батлуулсан хууль нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн бөгөөд энэхүү шинэ эрхээ Х.Баттулга ч тэр дор нь хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнээс ноцтой нэгэн зүйл гэвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш улс төрийн олон өрсөлдөгчөө зохиомол хэргээр шалтаглан баривчилсан ба тэдгээр хүмүүсийн заримыг улс төрийн нөлөөгөө ашиглан шүүхийн шийдвэр гаргуулж
хорьсон бөгөөд заримынх нь гэм бурууг өнөөг хүртэл олж тогтоогоогүй атал хэдэн жил дамнан мөрдөн шалгасаар байгаа явдал юм.

Улс төрийн ярвигтай ийм нөхцөл байдалд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон мөн Ерөнхий сайд асан С.Баяр (2007-2009), 2009 оны ОТ-н Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурсан Засгийн газрын
гишүүд болон бусад албан тушаалтнуудыг учир битүүлэг алтгаанаар 2018 оны хавар баривчлав. Тэдгээр хүмүүсийг цагдан хорих арга хэмжээг авах үед болон цагдан хорих хугацаанд нилээдгүй зөрчилтэй асуудлууд ажиглагдаж байсан бөгөөд
тэднийг цагдан хорих 30 хоногийн хугацааг сунгахаас татгалзсан шүүгчийг дараа нь албан тушаалаас нь огцруулж
байв. Ийнхүү хоригдох хугацаандаа Ч.Сайханбилэг, С.Баяр нар эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бөгөөд 2021 оны 2 дугаар сар эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай авах шаардлагатай болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгогдсоноос хойш
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нараас гадна төрийн олон албан хаагч, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдийг буруутган дайрах үзэгдэл мөн газар авсан юм.

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг 2018 оны 6 дугаар сард суллав. Дараа жил нь Ч.Сайханбилэг АНУ руу зорчиж, яаралтай
эмчилгээ хийлгэх зөвшөөрлийг шүүхийн байгууллагаас зохих ёсоор авчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга, одоогийн Засгийн газрын зарим сайд, нэр бүхий улстөрчид болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн зүгээс ОТ асуудалтай холбогдуулан 2009, 2015 онд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын удирдлага дор байгуулсан гэрээ, санхүүжилтийн төлөвлөгөөг УИХ-ын зөвшөөрөлгүй эсхүл хууль бусаар хийсэн гэх ойлголтыг эрчимтэй түгээж ирсэн. Энэхүү суртал ухуулга нь олон нийтэд нээлттэй байгаа мэдээлэл, бусад нотлох баримтууд, УИХ-ын холбогдох тогтоолуудтай эрс зөрчилдөхийн зэрэгцээ ямарваа нэг хууль бус ажиллагааны ул мөр олж тогтоогоогүй ч бараг хоёр жилийн турш үргэлжилж буй мөрдөн шалгах ажиллагааг халхавчлах зорилготой нь харагдаж байна.

Түүнчлэн Ч.Сайханбилэгийг хилийн чанадад эмчилгээ хийлгэхийг холбогдох байгууллага албан ёсоор зөвшөөрсөн хэдий ч түүнийг хууль бусаар эх орноо орхисон гэсэн суртлыг хүчтэй явуулжээ.

Х.Баттулга болон түүний хамсаатнууд улс төрийн хавчлага хэлмэгдүүлэлтээ явуулахын хамтаар Ерөнхийлөгчийн өөрийнх нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар (2012-2014) ажиллаж байх үеийн авилгатай холбоотой хууль бус, баримт нотолгоотой үйлдлүүд нь олон нийтийн анхаарлаас нууцлаг байдлаар мултарч, мөрдөн байцаалтын ажиллагаа нь нам зогсов. Х.Баттулга сайд байхдаа олон зуун сая доллараар “Чингис бонд”-ноос санхүүжүүлсэн Аж үйлдвэрийн парк, ТТ ордын төмөр зам барьж байгуулах ажлыг ахалж байжээ. Тухайн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Төмөр зам байгуулах 280 сая ам.доллар буруу замаар орсон талаар мэдээлж, Хууль хяналтын байгууллагууд Х.Баттулгын хэд хэдэн хамсаатнуудыг барьж шалгаж эхэлсэн хэдий ч өнөөдөр нам жим болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү асуудлаар одоог хүртэл үндэслэлтэй ямар ч тайлбар
өгөөгүй бөгөөд Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхэнд дулдуйдан одоогоор амар тайван сууна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, М.Энхсайхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон үндэслэлгүйгээр халагдсан олон арван шүүгч, прокуроруудад тулгараад байгаа одоогийн нөхцөл байдал, Х.Баттулга Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өөртөө хэт төвлөрүүлж, Монгол Улсын ардчилсан тогтолцоонд заналхийлж, шүүх засаглалын хараат бус байдлыг алдагдуулж байгаа зэрэг асуудлууд нь энэхүү “Цагаан ном”-ны голлох сэдэв байх болно.

Мөн энэхүү баримт бичигт ОТ уурхайн түүхийн талаар болон 2009, 2015 онуудад байгуулсан гэрээ, төлөвлөгөө нь хууль ёсны дагуу, УИХ-ын шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн талаар дурдагдана. ОТ гэрээ, төлөвлөгөөг хууль бусаар 2021 оны 2 дугаар сар хийсэн гэсэн мэдэгдэл, байр суурийг Монголын өнөөгийн эрх баригчид давхар зорилгоор ашиглаж байгааг харуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга нэг талаар өөрийн улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, нөгөө талаар Рио Тинтод шахалт үзүүлж, олон улс дахь Монгол Улсын бизнесийн нэр хүндийг унагаах эрсдэлтэй замаар ОТ-н гэрээг шинэчлэхийг чухалчилж, дотооддоо
сонгогчдоос нэр хүнд олж авахаар улайрч байна. Нөгөөтэйгүүр, Х.Баттулга нь Монгол Улсын гадаад бодлогын гол суурь зарчмуудын нэг болсон “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг өөрчилж, уг үйл ажиллагааныхаа үр дүнд Монгол Улсад 2 их хөрш Орос, Хятадын нөлөөг улам ихэсгэж, бусад хөрөнгө оруулагчдаас Монголыг улам бүр холдуулж хөндийрүүлэх боллоо.

Монголын ардчилсан тогтолцооны ирээдүйн төлөө, улс төрийн хэлмэгдэлд өртөгсөд, хүний эрх, эрх чөлөөгөөрөө хохирогсдын төлөө, хууль бусаар огцруулсан шүүгч, прокуроруудын талаарх бодит үнэний төлөө, маш хурдацтайгаар бүх эрх мэдлийг өөртөө
төвлөрүүлж байгаа Ерөнхийлөгчийн үйлдлийг ил тод болгох нь зайлшгүй чухал асуудал болоод байна. Энэ нь Монгол Улсыг хөгжлийн ардчилсан замд эргүүлэн оруулах нөхцөлийн нэг болох юм.