Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал болно

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд хүний нэр халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэх зэрэг хэрэг зөрчлүүдэд холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан. Улмаар

  • Б, М нарыг зодож Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах” 2 хэрэгт яллагдагчаар татагдаж Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
  • Эрүүгийн хуулийн 23.1.1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”
  • 2.2 дахь зүйл хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”,
  • “Эрүүгийн хуулийн 12.1 зүйл хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогдож дээрх үйлдлүүд тус бүрт эрүү болон зөрчлийн хэрэг нээж, хэргүүдийг нэгтгэсэн.

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт ял оноосон. Тодруулбал,

Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 10 хавтас, 2487хуудас бүхий хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2021-02-25-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.