Цэнд-Очирын Цолмон шинийн 29-ний билэгт өдөр бурхны орныг зорилоо.

1949 онд Улаанбаатар хотноо Цэнд-Очирын ууган охин болон мэндэлж, нийслэлийн 1, 24-р дунд сургуулийг 1967 онд, УБДС-ийн кино драмын ангийг 1971 онд төгсөн Улсын Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчнээр 30 гаруй жил ажиллан, ухамсарт амьдралаа Монголын театрын урлагт зориулсан нэгэн билээ. “Сэтгэлд харвасан туяа”, “Дээрэмчид”, “Хүний санаа”, “Гэгээ”, “Босго”, “Медея” зэрэг 50 гаруй жүжгийн гол дүр, “Хэцүү даалгавар”, “Мөнгөн буйл”, “Нарны унага” зэрэг 10 гаруй киноны гол болон туслах дүрүүдийг бүтээж, 50 гаруй орчуулгын кинонд дуу оруулсан.

“Гэгээ” жүжгийн Хажидын дүрээр Соёлын яамны “Шилдэг дүр”-ийн шагналыг 1982 онд, Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, ОХУ-ын Буриадын Гавьяат жүжигчин, Гэгээн Муза наадмын Театрын хүндэт зүтгэлтэн цол тэмдгээр тус тус шагнагдсан.

2000 оноос Мюзик Холл, Монголжингоо дээд сургуулиудад багшилж, олон уран бүтээлчдийг бэлтгэн гаргах үйлсэд хувь нэмрээ оруулсан билээ.Эх нутгийнхаа ариун хөрсөнд тайван нойрсоорой…

Үр хүүхэд, ач зээ нартаа эргэн төрөх болтугай.

Ум ма ни бад ми хум.