“Гоёл-2012” наадмын Toп модель болж байсан Ч.Ундрах 21 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд “фронт”-д нь үүрэг хүлээсэн цэрэг мэт зүтгэсэн гэдэг. Учир нь түүнд өнөөг хүртэл загвараа өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчны алба давхар оногдож ирсэн.

Монголын дизайнеруудын холбооны идэвхтэй, итгэлт моделийн хувьд хамт олон нь ямар ч үед түүнд найдахдаа огтоос ч эргэлздэггүй. Багын л урлагийн хүн болохоор заяагдсан мэт тайз руу хүндэтгэлтэйеэ ширтдэг байсан Ч.Ундрах дуртай ажлаа хийж байгаадаа өөрийгөө азтайд тооцдог.


“Монголын топ модель” шагналыг авахаасаа өмнө хүний хань, хүүхдийн эх болж амжсан нь түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө сэтгэл тавьж амьдрахад багагүй нөлөөлсөн бололтой.
Бусдын адил зөвхөн өөрийгөө гоёдог байсан бол нэр хүндтэй энэ шагналыг хэдэн жилийн өмнө авах байсан гэж бардам хэлсэн тэрээр тайзны өмнө эргэлдэн зураг хөргөө авахуулахаасаа бусад загвар өмсөгчдийнхөө үс зүсэнд санаа тавин тайзны ард завгүй ажиллаад олон жил болж байгаа.

Топ Ч.Ундрах “Пластик мэс заслыг хүлээн зөвшөөрдөггүй. Эхээс төрсөн биеэ эвдэж, мэс хүргэх нь дэмий надад нэг ч засвар байхгүй. Эхээс төрсөн биеэрээ байдаг” хэмээн ам барам ярьдаг юм.