Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг “Капитал”-аас гаргуулах ажилд ахиц гарчээ

-НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр хэргээ хүлээж, торгох ял шийтгүүлэв-

“Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилон улмаар 2019 онд татан буулгах шийдвэр гаргасан билээ. Арилжааны эл банканд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө болох 240 тэрбум төгрөгийг хадгалж байсан бөгөөд үйл ажиллагаа нь доголдсонтой холбоотойгоор уг мөнгө алдагдсан гэх мэдээлэл олон нийтийн дунд бий. Харин “Капитал”-ын үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Төвбанкнаас томилсон эрх хүлээн авагчдаас урьтаж, хөрөнгийг нь битүүмжлэн хамгаалах арга хэмжээ авсан юм. Ингэснээр арилжааны банкны удирдлагын буруутайг шүүхээр тогтоовол харилцагч, хадгаламж эзэмшигчид учирсан хохирлыг барагдуулах ажил чирэгдэлгүй байхаар болсон. Арилжааны банкууд дампуурч, харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирсон олон хэргийг шалгах явцдаа хуримтлуулсан туршлагадаа үндэслэн прокурорууд Монголбанкны эрх хүлээн авагчдыг оролцуулахгүйгээр хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан учраас төр, нийтийн эрх ашигт буюу Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг “Капитал” банкны битүүмжилсэн хөрөнгөөр барагдуулах боломж бүрдүүлээд байгаа юм. Тус банк дампуурсны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг прокурорын байгууллага нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нөхөн төлүүлэхээр болсныг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135.7 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн 103.8 тэрбум төгрөгийг нэхэмжилж прокурорын байгууллагаас хандсаны дагуу нийт 239 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр дээрх шүүх гаргасан юм.
Харин өдгөө АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэргийг шалгасаар байгаа. “Капитал” банк дампуурсантай холбоотой хэрэгт тус банкны удирдлагаас гадна төрийн өндөр албан тушаалтнууд болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, НДЕГ-ын дарга зэрэг албан тушаал хашиж байсан С.Эрдэнэ, Ц.Уртнасан, Д.Мэндбаяр, тус газрын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг тэргүүтэй хүмүүсийг мөрдөн байцааж байгаа. Тэгвэл эл хэргийн нэг холбогдогч Д.Мэндбаяр гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлжээ. Ингэснээр дээр дурдсан хоёр санд учирсан хохирлыг барагдуулах ажил нэг шат ахиад зогсохгүй, бусад холбогдогчийнх нь гэм буруутай, эсэхийг тогтооход хялбар болсныг эх сурвалжууд мэдээлэв. НДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, өдгөө Эрдмийн их сургуулийн багшаар ажилладаг Д.Мэндбаярыг хууль, журам зөрчиж, “Капитал” банканд давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм. Тодруулбал, Ч.Чулуунчимэгтэй бүлэглэн нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.5-д заасан “Хуримтлалын сангаас арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэснийг зөрчсөн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтарсан шийдвэр гараагүй байхад зарим албан тушаалтны хууль бус шийдвэрийг үндэслэн арилжааны банканд хадгалах, хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хэмжээг тогтоосон мэтээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболдтой 2016 оны долдугаар сард удаа дараа гэрээ байгуулж, эдийн засгийн давуу байдал олгосон хэрэгт холбогдсон аж. Түүнээс өмнө НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан “Капитал” банкны захиралтай 2015 онд мөнгөн хадгаламжийн гэрээ 24 сарын хугацаатай байгуулж, уг хугацаа нь дуусаагүй байхад Д.Мэндбаяр сунгах гэрээ байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон юм байна. Шүүгдэгч Д.Мэндбаяр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Улмаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Ийнхүү Д.Мэндбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ял шийтгүүлсэн нь бусад холбогдогчийг гэрчлэх үндэслэл бүрдсэн гэж зарим хуульч үзэж буй юм.
Ингэснээр нийгмийн болон даатгалын санд учирсан хохирлыг барагдуулах төлбөрийг шилжүүлэх ажиллагааг долдугаар сараас явуулахаар болж буйг эх сурвалжууд хэллээ.
Ташрамд дурдахад, “Капитал” банк дампуурч, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан хэрэгт холбогдуулж, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баяртсайханд дээрх ажлын хэсгийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан билээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Капитал” банканд тавих хяналтаа сулруулснаас арилжааны эл банк дампуурч Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан 240 тэрбум төгрөгөөр, харилцагч, хадгаламж эзэмшигчид их хэмжээний хөрөнгөөрөө хохироход хүрсэн хэмээн буруутгасан юм. Гэвч тэрбээр хэрэгт шалгаж эхлэхтэй зэрэгцээд хил давж, АНУ-ыг зорин өнөөг болтол ирээгүйг эх сурвалжууд хэлж байна.

Г.Равжаа 

Өнөөдөр сонин