УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхдөө дээлнийхээ доогуур тамирын гутал өмссөн байв. Энэ нь шүүмжлэлд өртсөн бөгөөд шүүмжэгчийн нэг нь МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Б.Галаарид байв. Түүний шүүмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
“Монголоо алдмар” гэж муухай хараал бий. Төрийн түшээ хүн монгол ёсоо үл тоох нь Монголоо үл тоосны илэрхийлэл шүү, Т.Доржханд гишүүн ээ! УИХ-ын гишүүд, төрд зүтгэж яваа хүмүүст энэ үгийн утга учрыг нэг хэлж өгөх юмсан. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг их нарийн учиртай. Дуугүй суухаар дуугарахаас аргагүй байдалд хүргэх юм гээч “Монголоо алдмар” чинь.
Түрийтэй гутлыг бүтэн гутал, түрийгүй бол Туруу гутал гэдэг юм. Төрт ёсонд Төрийн хар хүн хагас дутуу хувцас өмсөх таатай юм биш гэж үздэг. Монголчууд юмны шинжинд их ач холбогдол өгдөг нь ч цаанаа нарийн учир утгатай. Монголчууд түүхэндээ хэд хэдэн удаа төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны тухай хууль баталж мөрдөж байсан уламжлалтай. Залуу үе маань үүнийг түүхийн хог дээр битгий хаяарай.
Залуу хүмүүс чамирхан европ, монгол хувцас хольж өмсөхийг бол ойлгож байна. Төрийн түшээд чөлөөт цагтаа юугаа өмсөж хэрэглэх нь ч падлийгүй, тэр хүний сонголтын асуудал. Харин төрийн хүндэтгэлт арга хэмжээн дээр төрийн хүний ёсоор л байх хэрэгтэй. Тэгж яривал шинэ айл голомтоо бадрааж хуримаа хийх чинь хүртэл төрийн үйлд ордог, тийм учраас ханхар өвгөд минь малгайгаа тэгш өмсөж, товчоо бүрэн товчлоод цэх шулуун, цэмцгэр сайхан суудаг даа. Нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр бүрэн сайхан хувцасласан ч зах нь задгай л явж харагдана лээ. Энэ мэт чинь л “Ёс ёмбогор”-ыг хэлээд байгаа юм.