Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэр бүлийн хүнийг Л.Болорцэцэг гэдэг. Тэд гэр бүл болоод 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Л.Болорцэцэг нь Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ажээ.


У.Хүрэлсүх эхнэртэйгээ танилцсан талаар өөрийн цахим хуудастаа “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. “Утасны дугаарыг нь мэдэх үү” гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн байдаг.


Мөн 2012 оны сонгуульд МАН ялагдал хүлээж, тэрээр парламентад сонгогдсныхоо дараа “Эхнэрээ эмчлүүлнэ” гэж гишүүнийй албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан юм. Учир нь У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэг булчирхайн төрлийн хорт хавдартай гэж оношлогдож, БНСУ-д эмчлэгдэж байгаа тухай мэдээлэл гарч байв.

Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амжилт бүрийн ард бат зогсдог, анхны бөгөөд сүүлчийн гэргий.