Чемодантай хувцаснаас өөр зүйлгүй, амьдралаа хамтдаа босгох мөрөөдөлтэй залуу, халуухан явсан хосууд 10, 20 жилийн дараа тус тусын амьдралаа хөөж буй тохиолдол нийгэмд цөөнгүй л байдаг.

Мөнгөгүй, мэдлэггүй, нэр алдаргүй байсан эрчүүд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, алдар хүндэд хүрсэн хойноо эхнэрээ солих үзэгдэл олон болжээ. Тухайлбал, Монгол Улсын Ардын жүжигчин хоёр эрхэм гэр бүлээ цуцлуулж, хөрөнгөө булаацалдсан дуулиан өнгөрсөн хаврын урт өдрүүдэд олны хэл амны бай болж байлаа. Урлаг спорт, улс, төр бизнесийн салбарын эрчүүд гэр бүлээсээ салж, хоёр дахь амьдралаа зохиож буй тохиолдол олон байна. Спортынхноос гэхэд, Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд Монголоос цахиур хагалсан эрхэм, Монгол Улсын үндэсний бөхийн аварга хожмоо парламентад суугаа их хурлын гишүүн гээд эхнэрээ сольсон эрчүүд цөөнгүй бий.
Улс төр, бизнесийн салбарынхнаас бол тоймоо алдсан даа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хэд хэдэн эрхэм эхнэрээ сольж, залуу бүсгүйчүүдээр цайгаа чануулж буй.

Одоогийн парламентад ч эхнэрээ сольж, залуужуулсан эрхмүүд хэд хэд бий. Олон нийтэд мэдэгдэж буй нь цөөн болохоос мэдэгдэж өнгөрөөгүй олон олон жишээ бий биз ээ. Нэр алдраа бодоод ч тэрүү манай бүсгүйчүүд төдийлөн олон нийтэд зарлаад байдаггүй. Нөгөөтэйгүүр эрчүүд эхнэртээ орон сууц, автомашин зэргийг өгөөд “амыг нь таглаж” орхидог гэх. Олны танил эрхмүүд ямар учраас юунаас болж өрх тусгаарлаж байгаа нь таах аргагүй. Олон шалтгаан нөхцөл байгаа байх. Гэхдээ амжилтад хүрсэн, алдар хүндтэй болсон эрхмүүд ард түмэнд илүү үлгэр жишээ байх ёстой. Авьяас чадвар, ухаан мэдлэгээрээ хүндлэгдсэн эрхмүүдээс залуус үлгэр дуурайлал авна.

Гэвч амьдралаа хамтдаа босгож, амжилтад хамтдаа хүрсэн хойноо эхнэрээ орхидог эрчүүдээс юу суралцах вэ. Баяжихаараа, нэр алдарт хүрсэн хойноо эхнэрээ сольдог нь Монгол эрчүүдийн ноён нуруу муудсаных уу.