Мөрөөдлийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай өнөөдөр Төрийн дээд шагналын нэг болох Алтангадас одонгоор энгэрээ мялаалгажээ.

Бүтээсэн дүр болгондоо хайртай гэдгээ илэрхийлдэг тэрээр дүр бүрээсээ сургамж авдаг тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Тэрээр “Бүтээсэн дүр болгоноосоо авах зүйлээ авч, гээх зүйлээ гээдэг. Надад сургамж болсон, ухаарал хайрласан олон дүр байдаг. Намайг анх үзэгчдийн танил болгосон Улсын тэргүүний уран сайханчын дүр, “Мойлхон” киноны Содном буюу солиотын дүр, “Аравт” киноны Уужим гэх мэт надаас төрөн гарч байгаа дүр бүхэндээ маш их хайртай. Аливаа дүрийг бүтээхийн тулд тухайн дүрээ судлах хэрэгтэй. Жишээ нь, Мойлхон киноны Содном гэдэг дүрийг гаргахын тулд тэр хүний ааш аяг, бүхий л зүйлийг нь судлах хэрэгтэй болно. Энэ мэт жүжигчний мэргэжил амьдралыг илүү олон өнцгөөс харах боломж олгодог. Зөвхөн Алтаншагай гэдэг хүний өнцгөөс харахгүй. Энэ нь надад их таалагддаг. Уран бүтээлч хүний хамгийн гол зорилго цаг наргүй хөдөлмөрлөдөг, уранбүтээл нь ар араасаа цувардаг байх ёстой. Шинэ бүтээл төрсний дараа үзэгчдээс ирж байгаа алга ташилт, халуун дулаан энерги хамгийн гоё байдаг. Мэргэжлийн онцлогоос хамаарч хүмүүсийн нүдэнд ил байдаг учраас үлгэр жишээч, зөв хүн байх ёстой. Учир нь, томчууд, бага насны хүүхдүүд урлагаар дамжуулан биднээс үлгэр дууриалал авдаг.

Тиймээс аль болох зөв явах юмсан гэж боддог. Урлагийн хүний хамгийн эхний хичээл бол хүнлэг, энэрэнгүй байхын тухай байдаг” хэмээн ярьжээ.