Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан алдартанд олгодог “Чингис Хаан” одонг хүртээд буй цөөхөн хүний нэг, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар. М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдаан, BBC Cardiff Singer of the World зэрэг дуурийн дуулаачдын чадал чансааг шалгадаг дэлхийн топ тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан тэрээр ердөө 23 насандаа Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байв.

Өдгөө тэрээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх Марийнскийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна.
Түүний хувьд энэ амжилт ийм амархан ирээгүй. Дунд сургуулиа төгсөөд Цагдаагийн академид шалгалт өгөөд тэнцээгүй явсан үе түүнд бий. Харин гэрийнхнийхээ зөвлөснөөр СУИС-д орсноор мөрөөдлөө биелүүлжээ.
Тэрээр энэ тухайгаа “Би ахлах сургуулиа төгсөөд Цагдаагийн академид орох гээд тэнцээгүй юм. Сэтгэлээр уначихсан, яахаа мэдэхгүй явж байхад минь аав ээж минь “Миний хүү дуулдаг юм чинь СУИС-д шалгалт өгөөд үзвэл яадаг юм” гэж хэлсэн юм. Өөртөө эргэлзчихсэн, итгэлгүй байх үедээ гэрийнхний хэлсэн тэр зөвлөгөөг дагасан маань зөв шийдвэр болсон.

Хожим дуурийн дуулаачийн ангиа хаяад огт өөр ажил хийгээд явж байхдаа багын мөрөөдөл болсон цагдаагийн газартай холбогдож, Сүлд чуулгад орсноор миний 2 дахь амьдрал эхэлсэн гэж боддог. 2009 оны 4-р сарын 9-нд цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн дарга надад итгэл хүлээлгэн чуулгадаа авч, энэ хамт олонтой нийлэх боломжийг олгосонд одоо болтол талархаж явдаг. Дуугаа ч дуулж, цагдаагийн мөрдсөө ч зүүж, хоёр мөрөөдөл хоёулаа биелэхийн ерөөлтэй байж дээ гэж боддог юм” гэжээ.