Г.РАВЖАА

Банкныхан Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд ха­маарах албан тушаалтнууд биш. Гэсэн хэдий ч авлигын гэмт хэрэг өдүүлж, банканд итгэж мөнгөө хадгалуулсан харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг гэмт этгээдүүдтэй нийлж луйвардаж, өөрсдөө ашиг хонжоо олсон хэрэг нэг бус. Авлига гэдэг бол эрх бүхий албан үүрэг гүйцэтгэж буй хүн эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авч байгааг хэлэхээр хуульчилсан.

Тэгэхээр банкны ажилтнууд эрх мэдлээ урвуулж буй үйлдэл бол яалт ч үгүй авлигын гэмт хэргийн жишээ гэхэд хилсдэхгүй нь.Хэдхэн хоногийн өмнө Худалдаа, хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар луйвардсан хэрэг гарсан. Уг хэрэгт тухайн банкны ажилтнууд оролцсон нь шалгалтын явцад тогтоогдож буй юм билээ. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон гэж үзэж болохоор. Зөвхөн Худалдаа, хөгжлийн банкаар тогтохгүй манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны хэд хэдэн банкныхан харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг үрэн таран хийхэд оролцсон хэргийг хууль сахиулагчид тогтоогоод байгаа юм.

Төрийн банкныхан албан тушаалаа урвуулж, Хятадын компанид давуу байдал олгон 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээд буйг уншигчид са­наж байгаа. Уг хэрэгтэй хамт тус банкны удирдах албан тушаалтнууд бусдад зээл гаргаж өгөөд ха­хууль авсныг нь хууль сахиулагчид илрүүлж, гэм буруутайг нь шүүх тогтоосон. Мөн тус банкны Тээврийн товчоо салбарын албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээллийг авч их хэмжээний мөнгө луйвардсан хэргийг нь хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад удахгүй шүүхээр шийд­вэрлүүлэхээр болоод байгаа. Эдгээр хэргийг нь бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээл­сэн уч­раас энэ удаа илүүг нуршилгүй орхиё.

“Чингис хаан” банкныхан Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг банкандаа байршуулахын тулд төрийн албан тушаалтанд хахууль өгсөн гэдгийг шүүх эцэслэн баталгаажуулсан. Өдгөө тус банкныхан харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг өгөхгүй хохироосон ч Мон­голбанкны эрх бүхий албан тушаалтнууд хаацайлан тэдэнтэй хариуцлага тооцож чадаагүй л байна. Уг нь ЭЦА-нд “Чингис хаан” банкныхныг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буйтай зэрэгцээд тус банканд харилцах, хадга­ламжийн данс нээсэн иргэн, төрийн болон хувийн аж ахуйн нэгжийнхэн мөнгөө нэхэмжлэн шүүхэд хандсан талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл энэ удаад ХААН, “Голомт”, Худалдаа, хөгжлийн банкны ажилтнуудын өдүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг уншигчдадаа хүргэе.

Хятадуудыг олноор нь оруулж ирэхэд хамтарсан хүн “Голомт”-оос 608 саяыг залилсан хэрэгт шалгуулах болов

“Голомт” банкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан үе үе шалгадаг. Тухайлбал, тус банкийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Д.Баясгаланг хэдэн жилийн өмнө Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай хамт бусдаас хахууль ав­сан хэрэгт АТГ-ынхан шалгасан билээ. Өдгөө түүнийг “Голомт” банкан дахь данс эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн гэх үндэслэлээр мөн газрынхан байцаасаар буй.
“Голомт” банкны албан тушаалтнуудтай холбоотой, харилцагчийнхаа дансан дахь мөнгийг луйвардсан хэргийг хууль сахиулагчид саяхан илрүүлээд байна. Сүхбаатар дүүргийн нутаг, олны нэрлэж заншсанаар Хүүхдийн-100 дахь “Голомт” банкны “Солонго” салбараас 12 жилийн өмнө 608 сая төгрөг луйвардсан хэрэг гарч байв. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас дээрх хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримтаар залилан авсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран илрүүлээд байгаа юм. Уг хэргийг үйлдэхэд “Голомт” банкны дээрх салбарын удирдах албан тушаалтан Б.А, түүний хамаарал бүхий этгээд болох М.О, мөн банкны “Баянзүрх” тооцооны төвийн эрх бүхий ажилтан Д.А, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байгаад өдгөө “Сүү” ХК-д менежер болсон М.М нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бидэнд олдсон мэдээллээр “Голомт” банкны “Солонго” салбарын эрх бүхий албан тушаалтан Б.А-г Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны нягтлан бодогчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч үлдээд, эмнэлэгт хэвтсэнийх нь дараа түүнийг нь ашиглан гарын үсгийг дуурайлган зурж, тус албаны тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн төлбөрийн даалгавар бичиж, 608 сая төгрөг залилсан. Улмаар М.М-гийн хуурамч бичиг баримтаар үүсгэн байгуулсан компанийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Хүнс­ний дэлгүүрээс зээл авахын тулд үлдээсэн иргэн А.Ү-гийн иргэний үнэмлэхийг нь ашиглан М.М хуурамч компани байгуулсан аж. Улмаар банкны эрх бүхий албан тушаалтан Б.А-тай найз нотариатч Г.Э-гийн тамга, тэмдгийг хуурамч бичиг баримтдаа дарсан байж.
“Голомт” банкнаас 608 сая төгрөг хуурамч баримтаар залилсан хэрэгт Б.А-гийн нөхөр нь байсан, М.М-гийн төрсөн ах М.О-ыг мөн сэжиглээд байгаа юм билээ. 2011-2012 онд нэгэн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, АН-д эрх бүхий албан тушаал хашдаг тэрбээр өмнө нь бусдыг залилсан хэрэгт холбогдон шалгуулж байсан нэгэн аж. М.О нь 2019 оны аравдугаар сард манай улсад олноороо ирж, гэмт хэрэг үйлдэхийг завдсан БНХАУ-ын 800 гаруй иргэнийг оруулж ирэх, зочид буудлуудад байрлуулах ажлыг зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгуулж байсан гэдгийг эх сурвалжууд батлав. Харин “Голомт” банкнаас 608 сая төгрөг луйвардсан үйлдэлд холбогдохдоо БНХАУ-ын иргэн М.Хасдалай гэх эрийн хуурамч бичиг баримтыг ашиглан чек гаргуулан авч, уг мөнгийг дүүгийнхээ байгуулсан компанийн данс руу бэлэн бус гүйлгээгээр шилжүүлсэн хэрэгт сэрдэгдэж буй гэнэ.
Харин “Голомт” банк­ны “Баянзүрх” тооцооны төвийн эрх бүхий ажилтан Д.А нь ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас 608 сая төгрөг хуурамч компани руу шилжүүлэх ажлыг гардан гүйцэтгэчихээд төд удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан аж. Түүнээс хойш гэр бүлээрээ шинэ орон сууц авч, банканд хадгаламжийн данс нээлгэн, өөрсдийнх нь компанийн үйл ажиллагаанаас олсон орлого гэнэт өссөн зэрэг сэжигтэй үйлдлүүд тогтоогдсон юм байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны “Голомт” банкан дахь данснаас 608 сая төгрөг луйвардсан хэрэгт холбогдуулан тус банканд ажиллаж байсан эрх бүхий хоёр ажилтан, тэдний хамаарал бүхий хүмүүсийг хууль сахиулагчид нарийвчлан шалгахаар болж, нэгийг нь цагдан хориод буй юм билээ.

Худалдаа, хөгжлийн банкийг луйвардсан хэрэгт хоёр ажилтныг нь холбогдуулжээ

Сүхбаатар дүүргийн нутаг, Шангри-Ла төвд байрладаг Худалдаа, хөгжлийн банкны 432 дугаар салбараас тавдугаар сарын 25-ны 15.00 цагийн үед хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарч, өдгөө ч олны анхаарлын төвд байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан эрэн сурвалжилж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг Баянзүрх дүүргийн нутаг дахь орон сууцын нэг хорооллын байранд бүгж байхад нь хэрэг гарснаас хойш дөрөв хоногийн дараа баривчилсан. Харин 41 настай Б.Энхбаатарыг зургадугаар сарын 1-нд Чингэлтэй дүүр­гийн XVII хорооны нутагт айлд нуугдаж байхад нь олж саатуулсан юм.
Дээрх нэр бүхий дөрвөн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд Худалдаа, хөгжлийн банкны ажилтнууд оролцсон байх магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл тус банкны эрх бүхий хоёр ажилтныг гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамтарсан байж болзошгүй хэрэгт сэрдэн шалгаж эхэлснийг хууль сахиулах байгууллагынхан хэллээ. Хэрэг шалгах явцад БНХАУ-ын иргэний үүсгэн байгуулсан “Эрдэнэт лайт” компанийн Худалдаа, хөгжлийн банкан дахь данснаас хоёр сая ам.доллар луйвардахаас өмнө тус банкны долоон ажилтан дансных нь мэдээлэлд хандсаныг тогтоосон байна. Тэднээс хоёр нь залилагч нартай холбоотой нь нотлох баримтаар тогтоогдсон бололтой.
Хуурамч бичиг баримтаар, өмнө нь ХААН банкийг залилсан хүмүүс Худалдаа, хөгжлийн банк руу хандаж байхад нарийвчлан шалгалгүй хоёр сая ам.доллар гаргаж өгнө гэдэг байж боломгүй үйлдэл. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 саяас дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээг арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн ийм заалт байсаар атал Монголбанкнаас ам.доллар нэмж татан гэмт этгээдүүдэд олгосон нь яалт ч үгүй Худалдаа, хөгжлийн банкныхан оролцсонтой холбоотой. Хэрэгт сэрдэгдсэн тус банкны хоёр ажилтны үйлдэл оролцоог мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох биз ээ. Юутай ч цагдаагийнхан тэдний залилсан хоёр сая ам.доллароос 300 000 орчмыг нь олоогүй, бусдыг нь эд мөрийн баримтаар хураасан аж.
Ташрамд дурдахад, хоёр сая ам.доллар луйвардсан дээрх хэргийн дөрвөн холбогдогчийн хоёр нь болох Б.Бямбадорж, Б.Баттулга нар хуурамч бичиг баримт, тамга тэмдэг ашиглан ХААН банк болон иргэдээс 327 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Б.Бямбадорж нь Э.Энхсанжаа гэх эртэй хамтран 2017 оны гуравдугаар сард Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт үл хөдлөх хөрөнгө, объектуудыг иргэн М, А нарын нэр дээр шилжүүлнэ хэмээн 167 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон байна. Мөн Б.Баттулгатай хамтран “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн албан бичиг, тамга тэмдэг, хувьцаа эзэмшигч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, данснаас нь шууд зарлага гаргах эрхийг нь ашиглан 2020 оны хоёрдугаар сард ХААН банкны “Андууд” салбараас 99 сая гаруй төгрөг мэхлэн авсан байна. Мөн өөр нэг хүнээс 113 сая төгрөг залилсан хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд тэд бусдын батлан даалтад байхдаа Худалдаа, хөгжлийн банкийг луйвардчихав. Уг нь тэдэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр энэ оны нэгдүгээр сарын 20-нд яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд цар тахлаас шалтгаалан хурлыг нь хойшлуулсаар байсан юм. Улмаар энэ сарын 8-нд болсон шүүх хурлаас Б.Бямбадорж, Э.Энхсанжаа, Б.Баттулга нар Худалдаа, хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан хэрэгт яллагдагчаар татагдсан учраас хэргийг нэгтгэн шалгуулахаар шүүх шийдвэрлэн прокурорын хяналтад буцаалаа.

Зээл өгөхийн тулд хахууль авсан ХААН банкны ажилтан я л шийтгүүлэ в 

Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банкныхан бас л албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй. Тодруулбал, тус банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатар бусдаас хахууль авч, зээл өгсөн хэрэгт ял шийтгүүллээ. Тэрбээр иргэн Ц.Н, түүний эхнэр Г.М нарын 150 сая төгрөгийн зээл авах асуудлыг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсний хариуд буюу ажлаа хийснийхээ төлбөрт 10 хувь болох 15 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард авсан юм байна. Аливаа банкны эрх бүхий албан тушаалтнууд зээл өгөхдөө тодорхой хувийг нь авдаг гэх албан бус мэдээлэл байнга гардаг. Тиймдээ ч арилжааны банкуудын эрх бүхий албан тушаалтнууд зээл хүссэн иргэдийг чирэгдүүлж, материалыг нь судалж байгаа нэрээр удаан хугацааны турш хүлээлгэдэг явдлыг “гар харж байна” гэж үзэх зээлдэгч олон. Цар тахлын үед “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих 500 сая төгрөгийн зээл олгохдоо ч “гар харж байгаа” гэх хардлага арилжааны банкуудын зээлдэгч нарын дунд бий. Тэгэхээр зээл өгөхийн тулд “10 хувийн авлига” авч, харилцагч үйлчлүүлэгчдээ ч, өөрсдөө ч хэрэгтний ширээнд суусан тохиолдлын бодит жишээ нэг бус. Тухайлбал, Төрийн банканд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс их хэмжээний ам.долларын зээл гаргаж өгөхдөө тодорхой хувийг нь шагналд авсан хэрэгтэ э я л шийтгүүлсэн. Тэгвэл ХААН банкны дээрх албан тушаалтныг анхан шатны шүүх 150 сая төгрөгийн зээл өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хори х я л оноолоо. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Н, Г.М нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.
ХААН банкныхантай холбоотой хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй бас нэг мэдээлэл бий. ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягт холбогдох хэргийг шалгахдаа энэ банкны эрх бүхий албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийснийг хэвлэлд цаг тухайд нь мэдээлж байсан. Ч.Алтанхуягийг Санхүүгийн хэлтсийн даргатайгаа хамтран эрх мэдлээ урвуулж, Авлигийн эсрэг хуульд заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал бий болгохыг хориглоно”, “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, ХААН банктай 2018 оны зургадугаар сарын 26-нд Эрүүл мэндийн даатгалын сангийн 20 тэрбум төгрөгийг зургаан сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй хадгалуулах гэрээ байгуулж, тус банкан дахь дансанд хадгалуулсан. Гэрээний хугацаа дуусмагц 20 тэрбум төгрөгийг ХААН банк ЭМДЕГ-ын дансанд буцаахаар тусган хугацаа хэтэрсэн тохиолдолд хүү, алдангийн хамтаар шилжүүлэх ёстой байж. Уг гэрээгээ ХААН банк зөрчиж, түүнийгээ мэдсэн даруйдаа ЭМДЕГ-ын дансанд шилжүүлсэн боловч гуравхан цагийн дараа “буруу гүйлгээг залруулав” гэсэн утгаар 20 тэрбум гаруй төгрөгийг буцаан татсан байна. Улмаар тус банкны эрх бүхий албан тушаалтнууд гэрээний холбогдох зүйл заалтын дагуу 1.9 тэрбум төгрөгийн алдангийг төлөхгүйн тулд Ч.Алтанхуяг болон Санхүүгийн хэлтсийн дарга Д.Ууганбаяртай уулзан тохиролцож, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан аж. Ингэснээр ЭМДЕГ-ын удирдах албан тушаалтнууд ХААН банканд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Тус банкныхан тухайн үед гэрээний хугацаа дууссан байхад хэтрүүлсэндээ уучлалт гуйгаад, дахин нэг сараар сунгах хүсэлт тавьж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Улмаар хэрэг шүүхэд шилжих үед ХААН банкныхан ЭМДЕГ-т төлөх ёстой 1.9 тэрбумын алдангийг барагдуулсан гэнэ. Ингэснээр Ч.Алтанхуяг, Д.Ууганбаяр нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрийг үндэслэн Ч.Алтанхуягийг 15, Д.Ууганбаярыг 10 сая төгрөгөөр торгосон бол ХААН банк хариуцлагаас мултраад өнгөрсөн юм