Манай улсад хүнсний аюулгүй байдал огтхон ч үгүй байна. Мах магнаг болсон энэ цаг үед хилээр гаргах гэж байгаа махнаас удаа дараа короновирус илэрсэн учир махны экспортод асуудал үүсээд байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.


Тухайлбал, өнгөрсөн сарын 24-ны өдөр /2021.06.24/ Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот руу төмөр зам болон авто замаар 50 кг хүртэлх жинтэй, хүний гараар ачдаг барааг нэвтрүүлэх /импортлох/-ээ тус улс мөн зогсоосон. Учир нь Замын-Үүдээс Эрээн хот руу төмөр замаар гарсан зарим нэр төрлийн шуудайтай бараанаас коронавирус илэрсэн гэх мэдээлэл байсан юм.

Тэгвэл бид энэ талаар эх сурвалжаас тодруудахад, “Хөргүүртэй машинтай очсон махнаас коронавирус илэрсэн. Тийм учраас БНХАУ талаас мах авахгүй түр зогсоогоод байна. Харин ноос, ноолуурыг бол авч байгаа” гэсэн юм.

Гэтэл нийслэлчүүд бид ямар мах идэж байгаа вэ. Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг мах хүнсний ногоогоор дагнасан худалдааны төвд ариутгал, шалгалт хэрхэн хийгдэж байгааг иргэд тэр бүр мэддэггүй. Махны ченж Н-ийн хэлж буйгаар “Өглөө бүр шинэ мах авчирдаг. Ингэхдээ дээжийн шинжилгээг өгдөг боловч зарим тохиолдолд нян, вирус илрэх нь бий. Гэхдээ бид зах зээлээ алдахгүйн тулд тухайн дээд авхуулсан махаа устгалд оруулаад бусад махандаа тухайн махны өртгийг шингээж зарах нь бий. Хүчитшонхорынхон дийлэнх нь тийм л байгаа. Нөгөө махнуудад асуудал байгаа эсэхийг бид ч мэдэхгүй, байцаагч ч мэдэхгүй. Гар дамжин тээвэрлэж ирдэг учраас асуудал гарахыг алийг тэр гэхэв дээ” гэв.

Эдгээр захуудад махны жижиглэн худалдаа эрхэлдэг худалдаачдаас өглөө бүр короновирусын түргэвчилсэн тест авдаг гэнэ. Ингэхдээ сүүлийн үед байцаагч нар өөрсдөө авахгүй, худалдаачдыг өөрсдөөр нь авхуулдаг учраас хэнээс вирус илэрч байгааг мэдэх аргаггүй. Мөн өдөрт жижиглэн худалдаагаар хэдэн зуун хүн нааш цааш холхиж мах үздэг учраас аюулгүй байхын аргагүй байдалтай байна.