Наадмын урт амралт шувтрах шатандаа оржээ. Бөөн бөөнөөрөө эх нутаг, элгэн садан, байгалийн онгон сайхныг үзэхээр зорьсон аялагчид өчигдрөөс нийслэл рүү цуварч эхэлсэн байна.


Хөгшин настай ээж, аавыгаа, хүүхдүүдээ, ханийгаа дагуулаад алс замд аялалд гарсан залуу хурд хэтрүүлэн давхиж яваад осолдсон, алс замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж нэг үзээгүйн улмаас зорьсон газартаа ч хүрч чадалгүй онхолдсон, үерлэсэн голын эрэгт амарч, найзуудаараа сархад хүртэн наргиж суухдаа бяцхан хүүгээ, охиноо анзаарч хараагүйн улмаас голд урсгачихсан, сэлж сайн чадахгүй атлаа үсэрч ороод өөрөө үйчихсэн харамсалтай мэдээнүүд өнгөрсөн хоногуудад хэд ч сонсогдов доо.

 

Ар араасаа залгасан хөл хорионы өдрүүдийг хариуцлагатайгаар давж, аюулт цар тахлын халдвараас мэнд гарч, сая нэг нуруу тэнийлгэж, амарч, аялж явсан атлаа хундага архинаас, хурд хэтрүүлснээс, хариуцлагагүй байснаасаа болж амиа алдана гэдэг юутай харамсалтай. Уудам Монгол нутагт минь дэндүү сайхан налгар, нартай, хуртай зун болж байна.
Төв суурингаас хөдлөөд л онгон байгальтай залгадаг, голын хөвөө, цэцэгт нуга, модны зах, уулын бэл, ер таарсан газраа майхангаа шидээд л тааваараа амарч болдог ийм сайхан орон цөөн биз.

Даанч энэ сайхан эх орноороо дэндүү хариуцлагагүй аялах юм. Ялангуяа өөрсдийгөө соёлтой гэх дуртай манай Улаанбаатарчууд. Хаанаас хаа хүртэл хэд хоног аялахаа, хаана нь хоноглож, хаагуур нь дайрч өнгөрхөө нарийн тооцоолдог аялагч ажиглаад байхад их цөөн бололтой юм. “Хол зам хугацаа зааж болдоггүй юм” гэх маягтай. Өнөө “Зам байвал явна, замбуулин байвал туулна” гэдэг шиг л “Хөвсгөл орно” гэдэг ерөнхий зорилготой л замд гарна. Хаагуур явах, юу юу үзэх, хаана очиж байрлах, аялалын үед нь аадар бороотой байвал хэрхэх гэх мэт нарийн зүйлсийг замдаа, эсвэл очсон хойноо л шийднэ. Хотоос гарахдаа уух архиныхаа их багад илүү анхаархаас биш унаж яваа машин нь алс замд аюулгүй байх эсэхийг нягталж нэг шалгахгүй юм. Зорьж буй газрынхаа замыг зориуд цаг гаргаад судалчихгүй хөөрүү сэтгэлээр л гараад давхицгаах юм. Зорьсон газраа саадгүй хүрлээ гэхэд майхан саваа хатгачихаад л юун түрүүнд л архидах нь элбэг.

 

Амарч, нүдээ баясгаж, алжаалаа тайлаад ирэх бус архины шарандаа толгой хатгуулж яваад ирдэг аялагчид ч олон. Гэхдээ бүгд тийм биш шүү. Лавтай 30 хувь нь.