Иргэдээ гэрээр “эмчилж” буй энэ үед “КОВИД-19″ туссан хүмүүс гадуур яваад, өвчин тараагаад, тархалтыг нэмээд байгаа юм биш үү” гэсэн асуултыг сэтгүүлчид эрх баригчдад удаа дараа тавьж байсан. Уг асуултад бараг л хаалга бүрийн гадна цагдаа зогсож байгаа мэт хариулт өгсөн билээ.

Манай сайт эрэн сурвалжилж, албан ёсны шинжилгээний хариу нь эерэг гарсан хэд хэдэн иргэнтэй холбогдов.

Тэдний гар утсанд “шинжилгээний хариу эерэг гарсан” хэмээх мессеж ирснээс хойш бид долоон хоногийн турш холбоотой байсан. Эхний иргэний бие эерэг хариу авсны дараа илт муудсан ба ХӨСҮТ, харьяа дүүргийнхээ эмнэлэг рүү хэдэнтээ залгаж, халдвар авсан тухайгаа хэлснээ бидэнд мэдээлэв.

Харамсалтай нь, эрүүл мэндийн байгууллага ирэх боломжгүй гэсэн байна. Тэрбээр хэд хоног өндөр халуурч, бие нь ямар ч тамиргүй болтлоо сульджээ. Халдвар авсан иргэн уг хугацаанд нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт байсан юм билээ. Бид энэ үед нөхөртэй нь холбогдож байсан ба гэр бүлийн бусад гишүүдэд шинж тэмдэг илрээгүй тул бүгд шинжилгээ өгөхгүй байхаар шийдсэн аж. Хамгийн гол нь халдвар авсан иргэн удаа дараа залгаад байхад эмнэлгийнхэн гэртээ хэрхэн тусгаарлагдах талаар зааварчилгаа огт өгөөгүй юм.

Арга ядахдаа интернет “ухаж” цуглуулсан судалгаагаа дагах оролдлого хийсэн гэнэ. Сүүлдээ өвчтөний бие эрс муудсан тул танил талаа “ашиглан” эмнэлгийн бараа харсан ба тэрбээр “ХӨСҮТ өмнө нь бараг л “баривчилдаг” байсан бол одоо тэднээс намайг тоогооч ээ гэж гуйхад хүрсэн” гэж ярьсан. Бидний харилцаа тогтоосон хоёр дахь иргэн хөнгөн өвдсөн ба эерэг хариу гарснаа эмч нарт утсаар хэлсээр байхад уг иргэнтэй мөн л хэн ч холбогдож, зааварчилгаа өгөөгүй байна. Тиймээс эерэг гэх хариунд итгэлгүй, эрүүл мэндийн байгууллагад дахин очиж, давтан шинжилгээ өгсөн аж. Нэгэнт эмнэлгээс ямар нэг чиглэл, зөвлөгөө өгөөгүй тул тухайн өвчтөн эм авах болон хүнс цуглуулах зорилгоор гарч, орсон тухайгаа бидэнд хэлж байв.

“КОВИД-19”-өөр өвдөөд эдгэсэн иргэдийн бодит байдлыг харуулах зорилгоор халдвар аваад гэртээ өөрийгөө тусгаарлан эмчилж буй өөр иргэнийг ч олсон болно. Уг иргэн “КОВИД-19” туссан хүн бүрийг албадан ХӨСҮТ-д эмчилдэг байх үед өвдсөн. Тэрбээр эмнэлэгт долоо хоноод гэртээ гарсныхаа дараа бие нь эрс муудсан байна. Харамсалтай нь, ямар ч эмнэлэг рүү ярьсан “Нэгэнт эерэг гэсэн хариу гарсан бол хүлээж авахгүй” хэмээн буцааж байсан ба ХӨСҮТ рүү буцаж очиж дахин эрсдэлд ормооргүй байсан тухайгаа ярьсан. Тэрбээр “Хэнд ч хэрэггүй, хэн ч тоохгүй, хаанаас ч тусламж ирэхгүй, яахаа мэдэхгүй байх тэр мэдрэмж үнэхээр муухай” гэж халагласан билээ

Өвдсөн хүмүүсээ эмнэлэгт хүлээж авахгүй юм гэхэд гэрт нь байлгаж, цахимаар, утсаар зөвлөж эмчилж чадахгүй бол эдийн засагт хүнд цохилт өгч, ард иргэдийн аж амьдралыг туйлдуулан байж тогтоосон хатуу хөл хорио, үүнд зарцуулж буй төсөв, хийж буй вакцин, ажиллаж буй эмч нар, бид бүгдийн гаргаж буй золиос үр дүнгээ өгөхгүй. “КОВИД-19” туссан болон нас барж буй хүмүүсийн тоо ч буурахгүй.

Системийн ноцтой алдаа дутагдлуудыг ийн бичихдээ төр засгийг шүүмжлэх зорилгоор биш хүн бүр хариуцлагатай байхыг хүслээ.