Австри улсын канцлер Себастьян Курц мэдэгдэл хийжээ. Тэрээр тус улсын канцлераар ажиллаж байх хугацаандаа Афганаас 1 ч дүрвэгчийг хүлээн авахгүй гэжээ.

Ард түмэндээ хандаж телевизээр энэхүү мэдэгдлээ хийсэн байна. Мөн өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ. Австри улс 2015 онд Афганы 44 мянган дүрвэгчийг хүлээн авч байсан нь маш том тоо байсан гэдгийг тэрээр онцлоод одоо тус улсад Афганы дүрвэгчдийн бүхэл бүтэн нийгмийн давхарга амьдарч байна гэсэн байна. Тиймээс 2015 оны алдааг давтахгүй гэжээ.

​Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Афганы дүрвэгсдийг хөрш зэргэлдээ Төв Азийн орнуудад түр байршуулахыг эсэргүүцэж, шүүмжиллээ. Путин хэлэхдээ “Дүрвэгсдийн дунд хэн байгааг бид мэдэхгүй. Тэд хэдэн 100, хэдэн мянга, хэдэн сая ч байж болно. Гэтэл бид ойрын улсуудтайгаа визгүй зорчдог. Өргөн уудам тал нутгаар хиллэдэг. Тиймээс тэд юугаар ч зорчиж болно. Машинаар эсвэл илжиг унаад ч ирж болно. Тэгээд бид юу хийх болж байна аа ?” гэжээ. Өмнө нь Австрийн дотоод хэргийн сайд Карл Нехаммер Афганы дүрвэгсэдийг хөрш зэргэлдээ орнууд руу нь байршуулахыг санал болгож байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт Грек улсын цагаачлалын асуудал хариуцсан сайд Нотис Митаракис Афганы дүрвэгсэдийн асуудал бол зөвхөн хөрш орнуудын асуудал биш, бүх нийтийн асуудал. Грек улс дүрвэгсдийн “гол хаалга” болж чадахгүй гэж мэдэгдээд байгаа билээ.