Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдөр хэлэлцсэний эцэст ял шийтгэлээ.

АТГ-ынхан Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго тэргүүтэй дээрх хүмүүсийг 2020 оны аравдугаар сард бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг найзынхаа импортолсон барааны татварыг хөнгөлөх тухай мессеж бичиж бууруулах боломжийг нь бүрдүүлсэн байдаг. Тэгвэл Д.Солонго нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлан О.Цогтбаатар, Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан”, Б.Төрбаярт мөн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн хүргүүлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Цогтбаатар Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосныхоо хариуд 10 кг цагаан будаа, 1.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Харин Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нар тус бүр 50 000 төгрөгийн хахууль авч, гаалийн мэдүүлэг болон барааны бодит жинг тулгаж нягтлалгүй иргэн Б.Төрбаярт давуу байдал олгосныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж тогтоосон аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, НПГ-ын хяналтын прокурор Б.Бүжинлхам, шүүгдэгч таван хүн, тэдний өмгөөлөгч нарыг оролцуулан хэргийг нь хоёр өдөр хэлэлцээд О.Цогтбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, 30 сая, Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нарын мөн эрхийг таван жил хасан, 15 сая, Б.Төрбаярыг долоон сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасах ял шийтгэлээ.